ХҮҮГИЙН ЗӨРҮҮГ УЛСЫН ТӨСВӨӨС ОЛГОХ СХЕМЭЭР ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

2020/01/20
ХҮҮГИЙН ЗӨРҮҮГ УЛСЫН ТӨСВӨӨС ОЛГОХ СХЕМЭЭР ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

Засгийн Газар “150 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2019-2023 оны хооронд хэрэгжүүлэхээр баталсан нь өмнөх Засгийн Газруудын хэрэгжүүлж байсан "40 мянган айлын орон сууц", "100 мянган айлын орон сууц" зэрэг хөтөлбөрүүдтэй ерөнхийдөө адилхан, 150 мянган айлын орон сууц болж, өргөжиж байна гэсэн үг.

150 мянган айлын орон сууцны 100 мянгыг нь Улаанбаатарт, 50 мянгыг нь бусад аймаг, орон нутагт барихаар төлөвлөж байна. 

Үндэсний  хөтөлбөр 4 зорилт, 84 төсөл арга хэмжээг багтаажээ.

Нэгдүгээрт, орон сууцны санхүүжилтийн тогтолцоо, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох. Ялангуяа орон сууцны санхүүжилтийн тогтолцоог зах зээлийн зарчимд нийцүүлэх, боловсронгуй болгох чиглэлээр судалгаа хийж байна. Эрх зүйн орчны хувьд, орон сууцны тухай хуулийн өөрчлөлтийг Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцүүлээд, УИХ-д өргөн барихаар боллоо.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотын гэр хороололд орон сууц барих, дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэн хийх зорилт тавьж байна. Энэ хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 45 мянган айлын орон сууц барихаар хөтөлбөртөө тусгажээ.

45.000 айлын орон сууцыг гэр хороололд барихад шаардагдах ус, дулаан, цахилгаан зэрэг дэд бүтцийн хэрэгцээг тооцоолон гаргасан байна. Хувийн хэвшил, төрийн хамтын ажиллагаагаар энэ хөтөлбөр хэрэгжинэ. Дэд бүтцийн ажлыг төрөөс шийдэх учиртай. 

Гуравдугаарт, ногоон буюу эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны нийлүүлэлтийг дэмжих чиглэл барьж ажиллаж байна. Тодорхой судалгаа хийж, олон улсын туршлагаас судалж байна.

Дөрөвдүгээрт, орлого дэмжсэн орон сууц буюу зорилтот бүлгийн иргэдийн орон сууцны хангамж, нөхцөлийг сайжруулах чиглэлээр ТОСК, НОСК-иар дамжуулан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсний нэг нь "Буянт-Ухаа” орон сууцны хорооллууд. 

Зорилтот бүлгүүддээ чиглэсэн орон сууцны хөтөлбөрийг давхар хэрэгжүүлэхгүй бол дан ганц ипотекийн зээлээр орон сууцжуулах боломжгүй юм.

Тиймээс БНСУ-ын Засгийн Газрын зээлээр “Солонго” 1, 2, “Баянголын ам” гэх зэрэг 8000 айлын түрээсийн орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

2020 оноос ипотекийн зээлийг Засгийн Газар дангаараа хариуцахаар болоод байна.

Ипотекийн зээлд зориулж 2020 оны улсын төсөвт 60 тэрбум төгрөг суулгасан. Үүнтэй холбогдуулан "Ипотекийн зээлийн санхүүжилтийн журам"-д өөрчлөлт оруулахаар Сангийн яам, Монголбанк, БХБЯ хамтран ажиллаж байна. 

Ойрын хугацаанд журмаа шинэчлэн гаргах бөгөөд цаашид хүүгийн татаасыг улсын төсвөөс олгох маягаар ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ. 

Энэ нь арилжааны банкууд иргэдэд 12-13 хувийн хүүтэй ипотекийн зээл олгох, иргэд зээлээ 8 хувиар тооцож буцааж төлөх, хүүгийн зөрүүг улсын төсвөөс банкуудад өгөх схем.

Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийн эх үүсвэрийг арилжааны банкуудад улсаас 4 хувийн хүүтэйгээр олгож, үүн дээр банкууд 4 хувийн хүү нэмэн, иргэдэд 8 хувийн хүүтэй  зээл олгож ирсэн юм.

                                                                                                                                                             П.Болор                                                                                                                                            

                                                                                                                                                          

ХҮҮГИЙН ЗӨРҮҮГ УЛСЫН ТӨСВӨӨС ОЛГОХ СХЕМЭЭР ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ  
Тэнхлэг зууч ХХК - Facebook