Г.ЗАНДАНШАТАР: "ТЭТГЭВРИЙН САНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭР БОЛГОЖ БАЙНГА ӨСӨЖ ҮРЖДЭГ БАЙХ НӨХЦӨЛ БҮРДҮҮЛНЭ"

2020/01/06
Г.ЗАНДАНШАТАР: "ТЭТГЭВРИЙН САНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭР БОЛГОЖ БАЙНГА ӨСӨЖ ҮРЖДЭГ БАЙХ НӨХЦӨЛ БҮРДҮҮЛНЭ"

УИХ-ын дарга Г.Занданшатар тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар мэдээлэл хийхдээ, цаашдаа тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалт, тэтгэврийн сангийн менежментийг ипотекийн зээлийн эх үүсвэр болгон ашиглах талаар цухас дурдсан. Тэрээр:

"Тэтгэврийн зээлийг тэглэх шийдэл нь гурван гол үндэслэлээр тайлбарлагдана.  Нэгдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 6.2-д  “Байгалийн баялаг бол нийтийн өмч мөн” гэж заасан. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, газрын хэвлийн баялгийг “Үндэсний баялгийн сан”-д төвлөрүүлж шударга тэгш хүртээхэд чиглэгдэх буюу өөрөөр хэлбэл хүртээмжтэй эдийн засгийг хөгжүүлэх санаа юм. Энэ зарчмын дагуу “Ирээдүйн өв сан”-д ирэх жил нэг их наяд төгрөг хуримтлагдана. Одоогоор 340 орчим тэрбум төгрөг хуримтлагдаад байна. 2030 он гэхэд “Ирээдүйн өв сан” өсөж үржээд 10 тэрбум орчим ам. доллар болж, тэр үеэс зарцуулж эхэлнэ. Тэгвэл хийх ажлаа хийгээд гавьяаныхаа амралтанд суусан ахмадуудын өрийг тэглэх нь тулгамдсан асуудал мөн. Энэ зорилтот бүлгээ нэг удаа харж үзэх шийдвэр нь оновчтой. 

Дахиж ийм зүйлийг давтахгүйн тулд тэтгэврийн зээлийг шинэчлэн өөрчилж, тэтгэврийн реформ хийнэ. Энэ бол хоёрдахь үндэслэл. Тухайлбал, Сингапурын жишгээр тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалт, тэтгэврийн сангийн менежментийг ипотекийн зээлийн эх үүсвэр болгодог, эргэлтэд оруулдаг, байнга өсөж үрждэг, ингэснээрээ тэтгэврийн сан алдагдалтай биш ашигтай байдаг шинэ зарчим мөрдүүлнэ. Энэ асуудлаар УИХ-аас Ажлын хэсэг байгуулсан ажиллаж байна.

Гуравдугаар үндэслэл нь байгалийн баялгийг, тухайлбал Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар, авилгач албан тушаалтнууд, шүүх хууль хяналтын байгууллагын ажилтнуудын халаасанд орж байсан баялгийг ард иргэддээ буюу нийгмийн зорилтот бүлгийн иргэддээ хүртээхэд энэ бодлого чиглэгдэж байна.

Энэ гурван том зорилтот реформыг хэрэгжүүлэхийн тулд тэтгэврийн зээлийг тэглэж байна гэж ойлгож болно. Салхитын мөнгөний ордын ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн зөвлөл гаргаж тооцсоноор 808 тонн мөнгө, 1117 кг алтны нөөцтэй бөгөөд хайгуул судалгаагаар цаашид нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа.

Энэ тооцоогоор нийт 2.5 их наяд төгрөг буюу 1 тэрбум долларын борлуулалт хийгдэж, Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлнэ. Татварын өмнөх ашиг нь 1.1 их наяд орчим төгрөг байх тооцоо гарч байгаа. Энэ цэвэр ашгаар бонд гарган арилжааны банкуудад өгч, тэтгэврийн зээлийн үлдэгдэл болох,  743 тэрбум төгрөгийг хаана. Одоогоор 6%-ийн хүүтэй, хямдруулсан үнийн бонд гаргаж, банкууд бонд эзэмшигч болж, тэтгэврийн зээл тэглэгдэнэ. Бичилт л хийгдэнэ гэсэн үг. Түүнээс биш гүйлгээнд бэлэн мөнгө хэвлэж гаргахгүй.

Монголбанк макро эдийн засгийн симуляцын аргаар тооцож үзэхэд 743 тэрбумыг бөөнд нь гаргахад хамгийн муу тооцоогоор бодоход инфляци 1.0% өсөж болзошгүй. Гэхдээ бондыг бөөнд нь гаргахгүй, жилийн хугацаанд мөнгөжөөд явна. Түүнийхээ зарим хэсгийг ипотекийн зээлд зарцуулна. Өөрөөр хэлбэл, бүтэн эдийн засгийн эргэлтэд орж байгаа тул эдийн засагт үр ашигтай гэж үзэж байгаа. Энэ шийдлийг Монголбанк болон эдийн засагчид хамтарч боловсруулаад, ажлын хэсэг гаргасан" хэмээн ярьсан юм.

                                                                                                                                                             П.Болор                            

Г.ЗАНДАНШАТАР: "ТЭТГЭВРИЙН САНГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭР БОЛГОЖ БАЙНГА ӨСӨЖ ҮРЖДЭГ БАЙХ НӨХЦӨЛ БҮРДҮҮЛНЭ"  
Тэнхлэг зууч ХХК - Facebook