БНСУ-ЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР БАЯНГОЛЫН АМАНД ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БАРИНА

2019/12/30
БНСУ-ЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР БАЯНГОЛЫН АМАНД ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БАРИНА

Иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах,  гэр хорооллын зохисгүй төлөвлөлтөөс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах, орон сууц худалдан авах чадваргүй иргэдийг түрээсийн орон сууцаар хангах зорилгоор "Орлогод нийцсэн орон сууц", "Түрээсийн орон сууц" хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Эдгээрийн нэг нь нийслэлийн төв цэгээс 17.4 км Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам орчмын 10 га газарт хэрэгжих 2000 айлын 5 давхар орон сууцнууд, 840 хүүхдийн сургууль, 400 хүүхдийн цэцэрлэг, 676 автомашины зогсоол бүхий  түрээсийн орон сууцны төсөл юм.

БНСУ-аас манай улсад олгох 500 сая долларын нэн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөс дээрхи төслийг санхүүжүүлнэ.

БНСУ-аас 30 жилийн хугацаатай нэн хөнгөлөлттэй зээл авч байгаа учраас үүнийг зорилтот бүлгийн иргэдийг түлхүү хамруулсан төсөл хөтөлбөрт зориулах нь зүйтэй гэж үзэн түрээсийн орон сууцны хорооллууд барихад зарцуулахаар болжээ.

Тиймээс дээрхи төслөөс гадна Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих түрээсийн орон сууцны "Солонго-1", "Солонго-2" төслийг санхүүжүүлэх юм.

"Буянт-Ухаа-2" хорооллын 500 гаруй айлын орон сууцанд 35.000 орчим иргэн бүртгүүлсэн нь иргэдэд түрээсийн орон сууцны хэрэгцээ маш их байгааг харуулах нэг жишээ.

"Тэнхлэг зууч" компанийн хийж гүйцэтгэсэн “Орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа”-наас харахад Улаанбаатар хотод ойрын 3 жилд  инженерийн дэд бүтэц бүхий орон сууц түрээслэх хэрэгцээтэй 44.747 өрх байна. 

Орон сууц түрээслэх сонирхолтой нийт өрхийн 16.717 өрх нийтийн орон сууцанд, 14,686 өрх дэд бүтцэд холбогдоогүй хашаа байшинд, 13,016 өрх монгол гэрт, 329 өрх дэд бүтцэд холбогдсон хашаа байшин, амины орон сууцанд амьдарч байна. 

Орон сууц түрээслэх хэрэгцээтэй байгаа өрхийн 10,364 өрх нь тухайн сууцаа түрээсэлж амьдардаг бол 4890 өрх нь бусдын өмчлөлийн байранд төлбөргүйгээр амьдарч байгаа юм.

                                                                                                                                                           П.Болор             

БНСУ-ЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР БАЯНГОЛЫН АМАНД ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БАРИНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook