ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРЫН 2019 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

2019/12/26
ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРЫН 2019 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

“Тэнхлэг зууч” ХХК, www.shinebair.mn сайт үл хөдлөх хөрөнгийн салбарын 2019 оны онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна

ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН ТОГТВОРТОЙ ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОХ  ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД                                          

ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар, Монголбанк мөнгө хэвлэж ипотекийн зээлийг санхүүжүүлэхгүй болсон учраас улсын төсвөөс хийгдэх санхүүжилт, өмнө олгосон ипотекийн зээлийн эргэн төлөлт, арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээр иргэдэд ипотекийн зээл олгож байна.

Монголбанк өөрийн эзэмшилд байгаа бондын орлогоос хэтрүүлэхгүйгээр сар бүр 16 тэрбум төгрөг, Засгийн Газраас улсын төсөвт суулгасан эх үүсвэрээс сар бүр 10 тэрбум төгрөг,  банкууд өөрийн эх үүсвэрээс сар бүр 10 тэрбум төгрөгөөс багагүй хэмжээгээр олгож байгаа юм.

Энэ онд дээрхи 3 төрлийн эх үүсвэрээс сар бүр 36 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зориулан тогтмол олгож байгаа бөгөөд 2019 онд нийт 430 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгох төлөвлөгөөтэй байна.

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар нийт 380 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 5287 иргэнд олгоод байна. Үүнээс:

-Монголбанкны эх үүсвэрээс 175.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2513 иргэнд,

-Засгийн Газрын эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1616 иргэнд,

-Арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээс 105 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1158 иргэнд тус тус олгожээ.

Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр хэрэгжээд зургаан жил өнгөрч байна. 2013 онд уг хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд ипотекийн зээл олголт нь өмнөх онтой харьцуулахад 2.7 дахин нэмэгдэж байжээ.

Гэтэл 2019 оны зээл олголтын түвшин 2012 он буюу хөтөлбөр хэрэгжихээс өмнөх үеийн зээл олголтын түвшинтэй ижил болсон байна.

Ипотекийн зээлд зориулж 2018 онд улсын төсвөөс 120 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож байсан бол, 2019 онд 115 тэрбум төгрөгийн санхүүжилтийг улсын төсөвт тусгасан. 2020 онд ипотекийн зээлд зориулж 60 тэрбум төгрөгийг улсын төсвөөс олгох юм.

Улсын төсвөөс олгож байгаа эх үүсвэрийн 4 хувийн хүүг 1 хувь болгож бууруулах замаар арилжааны банкны эх үүсвэрийг татан оролцуулахын тулд ийнхүү улсын төсвөөс гаргах санхүүжилтийг багасгасан гэж тайлбарлаж байна.

                                              ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД

2015-2021 оны хооронд “Түрээсийн орон сууц хөтөлбөр"-ийн хүрээнд нийслэлд 16 мянга, орон нутагт 4000, нийт 20 мянган айл өрхийг түрээсийн орон сууцаар хангах тухай Засгийн Газрын тогтоол 2015 онд гарсан юм.

2019 оны 3-р улирлын байдлаар энэхүү хөтөлбөрийн хүрээнд 3054 айлын "Түрээсийн орон сууцны сан"-г бүрдүүлсэн байна.

Буянт -Ухаа- 2" хорооллын 972 айлын орон сууцны 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр үлдсэн 40 хувийг газар чөлөөлөлтөд хамрагдсан иргэдийг орон сууцжуулахад зориулахаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлаар баталсан.

"Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам" батлагдсан бөгөөд уг журмын дагуу цахим бүртгэл 07 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны хооронд явагдсан бөгөөд бүртгэлд нийт 35,058 иргэн хамрагдсан юм.

Цахим бүртгэлд хамрагдсан иргэдийг сонгон шалгаруулах буюу эрэмбэлэх ажлыг Нийслэлийн Засаг Даргын захирамжаар байгуулагдсан "Сонгон шалгаруулах комисс" зохион байгуулсан бөгөөд эхний шатанд тэнцсэн иргэдийн цаасан материалыг хүлээн авч нягтлан шалгах ажлыг зохион байгуулж дуусаад эхний хоёр шатанд тэнцсэн иргэдтэй гэрээний нөхцөлөө эцэслэн тохирч, урьдчилгаа төлбөр, барьцаа, байр талбайг сонгуулсан.

Энэхүү түрээсийн орон сууцанд орохоор гэрээ хийж байгаа иргэд энгийн түрээсийн гурван сарын төлбөртэй тэнцэх хэмжээний барьцаа төлбөр байршуулна. /Сарын түрээсийн төлбөр нэг м.кв нь 6000 төгрөг/. 

Түрээслээд өмчлөх иргэдийн хувьд тухайн байрны үнийг 5 жилийн хугацаанд гэрээ хийсэн графикийн дагуу төлж барагдуулах ёстой. Иргэд байрны түлхүүрээ гардан авч, орон сууцандаа нүүж ороод байна.

                                            ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар, Засгийн Газраас 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн "Уур амьсгалын ногоон сан"-гийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ.

Төслийг "Уур амьсгалын ногоон сан"-гийн 95 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл 50 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр санхүүжүүлэх юм.

Мөн Азийн Хөгжлийн Банкны 80 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл болон "Дэвшилтэт Технологийн Сан"-гийн 3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн эх үүсвэрээр тус тус санхүүжүүлнэ.

Уур амьсгалын ногоон сангийн зээлийн хүү 0.25, зээлийн хугацаа нь 40 жил, үүнээс эхний 10 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Тус зээлийн эх үүсвэр нь нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй буюу хамгийн таатай нөхцөлтэй зээл юм.

Төслийн хүрээнд нийтийн аж ахуйн үйлчилгээгээр хангагдсан, ногоон байгууламж, дэлгүүр хоршоо болон ажлын байрны хүртээмж сайтай, байгаль орчинд ээлтэй 20 орчим шинэ эко хороололд 10000 айлын орон сууц барина.

10000 айлын орон сууцны 1500 нь түрээсийн орон сууц байх бол 5500 нь орлогод нийцсэн орон сууц байна. Харин үлдсэн 3000 орон сууц нь зах зээлийн үнээр борлуулагдана.

Эко хорооллуудыг бий болгох энэхүү ажил нь газрыг сайн дурын үндсэн дээр орон сууцаар солих зарчимд тулгуурлан хэрэгжинэ. Төлөвлөж буй эко хорооллын нутаг дэвсгэрт газар өмчилдөг эзэмшдэг иргэн нь гэр горооллын хашаа, байшингаас шинэ орон сууцанд шилжин суурьших хөтөлбөрт хамрагдах эсэхээ өөрөө сонгох юм.

ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦ ТӨСЛИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ ИРЭХ ОНД АШИГЛАЛТАНД ОРНО

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа спорт цогцолбор орчимд “Орлогод нийцсэн орон сууц”-ны төслийн хүрээнд 940 айлын орон сууцны барилгын ажлыг "Дорнын их гэгээ" компани Нийслэлийн Орон Сууцны Корпораци ХК-тай хамтран 2019 оны тавдугаар сарын 14-нд эхлүүлсэн юм.

Нийт зургаан блок 940 айлын орон сууц баригдахаас энэ жил дөрвөн блок 896 айлын орон сууц баригдаж байна. 

Нийслэлээс олгосон газар дээр компани өөрийн хөрөнгөөр барилга бариад тодорхой хувийг нь нийслэлд өгч, үлдсэн хувиа зах зээлийн зарчмаар зарах юм. Байрны нэг м.кв нь 1 сая 450 мянга байхаар компанитай гэрээ байгуулжээ.

Энэ оны 3-р улирлын байдлаар барилга угсралтын ажил 90 гаруй хувьтай, 2020 оны хоёрдугаар хагаст ашиглалтанд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Мөн Хан-Уул дүүргийн 10-р хороо, Морингийн даваа орчимд нийт 129 га талбайд сургууль, цэцэрлэг, төрийн бүхий л үйлчилгээг төвлөрүүлсэн “Орлогод нийцсэн орон сууц” төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Эхний ээлжинд 46 га талбайд төлөвлөлт хийж, дэд бүтцийг нийслэлээс шийдэж өгнө. Төсөл хэрэгжүүлэх компаниудын сонгон шалгаруулалт зарлахад бэлэн болжээ. Эхний ээлжийн 46 га талбай дээр төсөл хэрэгжүүлэх 15-16 компани шалгаруулах бөгөөд компаниуд нэгдэн орж болох юм.

Компаниудыг барьсан барилгынхаа хэдэн хувийг нь газар болон дэд бүтцийнхээ төлбөрт нийслэлд өгч, хэдэн хувийг нь хямд өртгөөр борлуулах боломжтой вэ гэдгийг нь харгалзан үзэж шалгаруулна. 

Хямд өртгөөр борлуулах эрхтэй орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд санал болгоно. Газрын төлбөрт өгч байгаа орон сууцнуудыг энгийн түрээс болон газар чөлөөлөхөд зарцуулахаар төлөвлөжээ.

Биокомбинатад 2870 айлын орон сууц, Баянголын аманд 2000, Цайз хотхонд 712, Баянхошуу, Улиастайд 256 айлын орон сууц барихаар зураг төсөл нь гарсан байна. Ингэснээр ирэх таван жилд багадаа 55 мянган өрхийг орон сууцжуулна гэж тооцсон байна.

Орлогод нийцсэн орон сууц гэдэг нь хямдхан, чанаргүй, орчин нөхцөл нь тааламжгүй газар биш хамгийн өндөр чанартай, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн, нийгмийн байгууламжуудыг шийдсэн байх юм.

                      АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ОРОН СУУЦЫГ ДАХИН БАРИЛГАЖУУЛАХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД

2014 онд НИТХ-ын 90 дүгээр тогтоолоор "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулгаж, шинээр барих үйл ажиллагааны журам"-ыг баталж, 2015 онд хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хууль батлагдсанаар шаардлага хангахгүй барилгыг дахин барилгажуулах төсөл хэрэгжиж эхэлсэн юм.

Дээрхи хуулийн дагуу тухайн ашиглалтын шаардлага хангахгүй 234 орон сууцны барилгыг дахин барилгажуулах талаар оршин суугчдаас санал авсны дүнд 162 барилгын оршин суугчид дахин төлөвлөх ажлыг дэмжсэн учраас Нийслэлийн Засаг Даргын захирамж гарч үйл ажиллагаа явагдаж байна. Эдгээр 162 орон сууцнаас 24 багцын 64 орон сууцны барилгад төсөл хэрэгжүүлэгч шалгаран дахин барилгажуулах төсөл хэрэгжиж байна.

Төмөр замын хойд талын хуучин орон сууцнууд болон Нэхмэлийн шарын орон сууцнууд, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 72 дугаар хотхон зэрэг орон сууцны барилгуудыг дахин барилгажуулах ажил явагдаж байна.

2019 оны 12 сарын байдлаар нийт 27 орон сууцыг буулган 1018 айлын 10 орон сууцыг шинээр ашиглалтанд оруулжээ.

Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин барилгажуулах төсөл нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгддэг ажил учраас нийслэлээс хөрөнгө гарахгүй. Шугам сүлжээний ажлын хөрөнгийг л нийслэлээс гаргах зарчмаар төсөл хэрэгжиж байна.

                                                    ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 7/29, 12/43, 14/02 дугаар тогтоол, 2014 оны 19/23 дугаар тогтоол, 2018 оны 127 дугаар тогтоолоор гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлэх 25 байршил, 76 хэсэгчилсэн талбайг баталсан юм.

Эдгээр 76 хэсэгчилсэн талбайд нийт 41 аж ахуйн нэгж төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч батламжлагдсан байдаг.

Төслийн хүрээнд 2013 оноос хойш нийт 1712 нэгж талбарыг чөлөөлж, 7227 айлын орон сууцыг шинээр ашиглалтанд оруулаад байна.

2019 онд 3417 айлын орон сууц ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл зарим байршилд зогсонги байдалд орсон, удааширсан, газраа чөлөөлж өгсөн иргэд орон гэргүй болж, хүнд нөхцөлд амьдарч байгаа зэрэг асуудлууд гарсан учраас "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам"-ын төслийг ойрын хугацаанд боловсруулан хэлэлцүүлж, батлуулахаар болсон байна.

                                                       ДЭД ТӨВИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд 6 дэд төвтэй байхаар тусгасан юм.

“Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна. 

Төсөл 3 үе шаттайгаар нийт 9 жилийн хугацаанд 6 дэд төвийн нийгмийн болон инженерийн дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

2019 оны 3-р улирлын байдлаар төслийн 1-р үе шат Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдэд 70 гаруй хувьтай хэрэгжиж байна.

Сэлбэ дэд төвийн хүрээнд 4.1 км дулааны шугам барихаас 2.8 км, 3.9 км цэвэр усны шугам барихаас 2.6 км, 5.5 км бохир усны шугам барихаас 3.8 км, 3.7 км авто зам барихаас далангийн ажлыг хийж, хучилт хийхэд бэлэн болжээ. Мөн ус дамжуулах найман ЦТП барихаас бүгдийнх нь барилгын ажлыг эхлүүлээд дотор заслын ажлууддаа орсон байна.

Цаашид төслийн II үе шатанд Дамбадаржаа болон Дэнжийн мянга, III үе шатанд Шархад болон Толгойт дэд төвүүдэд бүтээн байгуулалтын ажлууд хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.

                   УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ БАРИЛГАД ДУЛААН ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД

Улаанбаатар хотод 1960, 1970,1980 онуудад хуучнаар ЗХУ-ын хөрөнгө оруулалтаар баригдсан 1077 блок  угсармал орон сууцны дулаалгын асуудлаар, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас 2016, 2017, 2018 онуудад үе шаттай тооцоо, судалгаа явуулсны үр дүнд энэ онд 6 дүүргийн 24 орон сууцны барилгыг дулаалах ажил хийгдэж байна.

2019 оны улсын төсөвт угсармал орон сууцны гадна фасадны дулаалгад зориулж анх удаа 6.5 тэрбум төгрөгийг тусгажээ.

Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас 5, 9, 12 давхар угсармал орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулах ажлын жишиг зураг төсөв боловсруулан "Барилгын Хөгжлийн Төв"-өөр магадлал хийлгэсэн юм.

-Олон улсын "Даян дэлхийн ногоон хөгжлийн төв"-тэй хамтран 20,0 мянган долларын хөрөнгөөр орон сууцны барилгын эрчим хүчний аудит, 

-168 угсармал орон сууцны барилгад газар хөдлөлтийн тэсвэрлэх чадварын үнэлгээ,

-Германы Техникийн Хамтын ажиллагааны Нэксус төслөөр Угсармал орон сууцны барилгад дулаан техникийн шинэчлэл хийх санхүүгийн механизм, техник эдийн засгийн үзүүлэлт,

-Японы JICA-тай хамтран Угсармал орон сууцны гадна талын дулаалга туршилт судалгааг хийсэн байна.

                                                      ОРОН СУУЦНЫ ЭРЭЛТ, НИЙЛҮҮЛЭЛТ

Улаанбаатар хот болон 21 аймгийн нийт өрхийн ойрын 3 жилийн орон сууцны эрэлт хэрэгцээ, төсөл хэрэгжүүлэгчдийн мөн хугацааны орон сууцны нийлүүлэлтийг тодорхойлж, орон сууцны талаар төрөөс баримтлах бодлого төлөвлөлтийг боловсруулахад шаардлагатай суурь мэдээллийг бүрдүүлэх зорилго бүхий “ Орон сууцны зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн судалгаа”-г БХБЯ, МИК, ТОСК-ийн захиалгаар “Тэнхлэг зууч” ХХК, МБҮА хамтран гүйцэтгэж 2018 оны 5-р сард хүлээлгэж өгсөн юм. 

Салбарын байгууллагууд нэгдсэн судалгаа мэдээлэлтэй болох, бодлого боловсруулагчид болон хөрөнгө оруулагчид орон сууцны эрэлт нийлүүлэлтийн ойрын төлөвийг урьдчилан харах, төсөл хөтөлбөрийг үр ашигтай бодитой төлөвлөх, нийгмийн халамжийн бодлогыг зөв чиглүүлэхэд энэхүү судалгаа чухал ач холбогдолтой.

Ойрын 5 жилд нийслэлд 217.000 айлын, орон нутагт 122.000 айлын инженерийн бүхэн хангамжтай орон сууцны хэрэгцээ байгаа нь судалгаанаас харагдаж байна.

Эдгээрээс нийслэлд амьдардаг өрхийн 16,3 хувь буюу 35.497 өрх, орон нутагт амьдардаг өрхийн 12.2 хувь буюу 14.905 өрх орон сууц худалдан авах чадамжтай байна.

Нийлүүлэлтийн хувьд 2019 оны 11-р сарын байдлаар Улаанбаатар хотод 61,639 айлын нийтийн болон амины орон сууцны 441 төсөл хэрэгжиж байна.

Үүнээс ойрын 3 жилд нийслэлд 38.514 айлын, орон нутагт 10.822 айлын орон сууц ашиглалтанд орох төлөвтэй.

                           150.000 АЙЛЫН ОРОН СУУЦ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ

"Засгийн Газраас иргэдийг орон сууцжуулахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн.

Засгийн Газар энэ оны тавдугаар сарын 22-ны өдөр 202 дугаар тогтоолоор “150 мянган айл-орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2019-2023 оны хооронд хэрэгжүүлэхээр баталлаа.

Энэ хөтөлбөр өмнөх Засгийн Газруудын хэрэгжүүлж байсан 40, 100 мянган айлын орон сууц зэрэг хөтөлбөрүүдтэй ерөнхийдөө адилхан. 150 мянган айлын орон сууц болж, өргөжиж байна гэсэн үг.

150 мянган айлын орон сууцны 100 мянгыг нь Улаанбаатарт, 50 мянгыг нь бусад аймаг, орон нутагт барихаар төлөвлөж байна. 

Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор БХБ-ын сайд үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Энэ хөтөлбөр 4 зорилт, 84 төсөл арга хэмжээг багтаажээ.

Нэгдүгээрт, орон сууцны санхүүжилтийн тогтолцоо, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох. Ялангуяа орон сууцны санхүүжилтийн тогтолцоог зах зээлийн зарчимд нийцүүлэх, боловсронгуй болгох чиглэлээр судалгаа хийж байна. Эрх зүйн орчны хувьд, орон сууцны тухай хуулийн өөрчлөлтийг Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцүүлээд, УИХ-д өргөн барихаар боллоо.

Хоёрдугаарт, Улаанбаатар хотын гэр хороололд орон сууц барих, дахин төлөвлөлтийг хийх зорилт тавьж байна. Энэ хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 45 мянган айлын орон сууц барихаар хөтөлбөртөө тусгасан. Хувийн хэвшил, төрийн хамтын ажиллагаагаар хөтөлбөр хэрэгжинэ. Дэд бүтцийн ажлыг төрөөс шийдэх учиртай. 

Гуравдугаарт, ногоон буюу эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны нийлүүлэлтийг дэмжих чиглэл барьж ажиллаж байна. Тодорхой судалгаа хийж, олон улсын туршлагаас судалж байна.

Дөрөвдүгээрт, орлого дэмжсэн орон сууц буюу зорилтот бүлгийн иргэдийн орон сууцны хангамж, нөхцөлийг сайжруулах чиглэлээр ТОСК, НОСК-иар дамжуулан төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсний нэг нь "Буянт-Ухаа” орон сууцны хорооллууд юм.

Цаашлаад БНСУ-ын Засгийн Газрын зээлээр “Солонго” 1, 2, “Баянголын ам” гэх зэрэг 8000 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

2020 оноос ипотекийн зээлийг Засгийн Газар дангаараа хариуцахаар болоод байна.

Ипотекийн зээлд зориулж 2020 оны улсын төсөвт 60 тэрбум төгрөг суулгасан. Үүнтэй холбогдуулан "Ипотекийн зээлийн санхүүжилтийн журам"-д өөрчлөлт оруулахаар Сангийн яам, Монголбанк, БХБЯ хамтран ажиллаж байна. 

Ойрын хугацаанд журмаа шинэчлэн гаргах бөгөөд цаашид хүүгийн татаасыг улсын төсвөөс олгох маягаар ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ.

                                                                                                                                           Сэтгүүлч П.Болор 

       http://www.tz.mn/up/news/pdf/A4_taniltsuulga_Emkhtgel.pdf                                                                                                                

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРЫН 2019 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД  
Тэнхлэг зууч ХХК - Facebook