ХУУЧИН ОРОН СУУЦНЫ СУУРИН ДЭЭР 187 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРЬЖ АШИГЛАЛТАНД ОРУУЛЛАА

2019/12/19
ХУУЧИН ОРОН СУУЦНЫ СУУРИН ДЭЭР 187 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРЬЖ АШИГЛАЛТАНД ОРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн Газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг Орон сууцны тухай хууль, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга Хот Байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу нийслэлийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 19 дүгээр хороололд байрлах Нэхмэлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 16-р байруудын газар чөлөөлөлт, орон сууцжуулалтын ажил үргэлжилж байгаа юм.

Гурван давхар, хуучин, 18 айлын орон сууцны газар дээр нэг жил найман сарын хугацаанд 16 давхар бүрэн цутгамал 187 айлын орон сууц ашиглалтанд орж,  шинэ байрны батламж, түлхүүрийг оршин суугчдад гардууллаа.

Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр, Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, “АСИАН СИТИ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Барсболд болон гүйцэтгэгч компанийн ажилчид, оршин суугчид, иргэд, олон нийт оролцов.

Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс оршин суугчдад хуучин амьдарч байсан байрны талбайн хэмжээн дээр нь 6 метр квадратыг нэмж өгчээ. Мөн  20 сарын хугацаанд өөр байранд амьдрах түрээсийн мөнгийг сар бүр тасалдахгүй төлж ирсэн байна. 

Оршин суугчдын зүгээс дахин төлөвлөн барилгажуулах ажлыг зохион байгуулсан албаны хүмүүст болон гүйцэтгэгч компанийн хамт олонд талархаж байгаагаа түлхүүр гардуулах үеэр илэрхийлж байлаа.

Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр:

"Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг Даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг шинээр дахин төлөвлөн барилгажуулах ажлын хүрээнд өнөөдөр шинэ орон сууц ашиглалтанд орж, оршин суугчдад батламж, түлхүүрийг гардуулж байна. Хариуцлагатай ажиллаж, барилгын ажлыг хугацаанаас нь өмнө хийж гүйцэтгэсэн гүйцэтгэгч компанийн хамт олонд талархал илэрхийлье. Мөн хотын хөгжлийн төлөө газраа чөлөөлж хамтарч ажилласан оршин суугчдынхаа цаашдын амьдралд нь аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе”.

                                                                                                                                                           П.Болор                                                                                                          

ХУУЧИН ОРОН СУУЦНЫ СУУРИН ДЭЭР 187 АЙЛЫН ОРОН СУУЦ БАРЬЖ АШИГЛАЛТАНД ОРУУЛЛАА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook