ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ ОРОН СУУЦНУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2019/12/10
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ ОРОН СУУЦНУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

“Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн санаачлагаар өрхийн дундаж орлогод нийцэхүйц, дунджаар 50 м.кв талбай бүхий төрөл бүрийн хийц, шийдэлтэй эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцнуудыг иргэдэд сурталчлан таниулах арга хэмжээний нээлт өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд байрлах 188 дугаар цэцэрлэгийн гадна талбайд боллоо.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, ХБНГУ-ын Элчин сайдын яаман дахь Хөгжлийн хамтын ажиллагааны дарга, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ёоханнес Шнайдер, Барилга Хот Байгуулалтын Яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга н.Гантулга, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн болон бусад холбогдох албаны хүмүүс, цэцэрлэгийн ажилчид, иргэд, олон нийт энэхүү арга хэмжээнд оролцлоо.

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг GIZ, ХБНГУ-ын Холбооны Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яам болон Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр Эрчим Хүчний Яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран "Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашиг дээшлүүлэх нь" төслийг 2019 оноос эхлүүлсэн юм.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр:

“Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц бол дундаж давхаргад зориулсан маш олон давуу талтай сууц болж байна. Өөрийнхөө өмчилж авсан газартаа ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх бас нэгэн шийдэл гэж харж байна. Энд хамтарч ажилласан Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгт талархал илэрхийлье”.

Өнөөдрийн байдлаар сонгон шалгаруулалтад тэнцэн баригдаад буй дотоодын барилгын компаниудын барьсан дөрвөн төрлийн амины орон сууцнууд нь Монгол Улсад мөрдөгдөж буй барилгын БНбД 23-02-09 “Барилгын дулаан хамгаалалт” норм стандартад зааснаас 20 хувиар илүү эрчим хүчний хэмнэлттэй байх шаардлагыг хангаж байгаагаараа онцлог аж.

Цаашид ч тус шаардлагыг хангасан аль болох олон төрөл, шийдэл бүхий амины орон сууцнуудыг зах зээлд нэвтрүүлэхээр зорьж байна. 

Түүнчлэн эрчим хүчний хэмнэлттэй орон сууцыг худалдан авах сонирхолтой, шалгуурт нийцэж буй гэр хорооллын айл өрхөд үнийн дүнгээс хөнгөлөлт үзүүлэх,  хөнгөлөлттэй зээл олгох зэрэг бололцоог олгох юм.

Эрчим хүчний хэмнэлттэй орон сууцнуудын гүйцэтгэгчээр “Изохаус” ХХК, “Эрэл” ХХК, “Дэлгэр констракшн” ХХК, “Гранд Авгуш” ХХК зэрэг компаниуд шалгаран ажиллажээ.

Эдгээр амины орон сууцнуудыг сонирхсон иргэд Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд байрлах 188 дугаар цэцэрлэгийн гадна талбайд амралтын өдрүүдэд очиж, харьцуулалт хийж сонгох боломжтой.

 
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ ОРОН СУУЦНУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook