ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОЛТЫН ТҮВШИН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИХЭЭС ӨМНӨХ ҮЕТЭЙ ИЖИЛ БОЛЖЭЭ

2019/12/09
ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОЛТЫН ТҮВШИН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИХЭЭС ӨМНӨХ ҮЕТЭЙ ИЖИЛ БОЛЖЭЭ

Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр хэрэгжээд зургаан жил өнгөрч байна. 

2013 онд уг хөтөлбөр хэрэгжиж эхлэхэд ипотекийн зээл олголт нь өмнөх онтой харьцуулахад 2.7 дахин нэмэгдэж байжээ. 

Гэтэл 2019 оны зээл олголтын түвшин 2012 он буюу хөтөлбөр хэрэгжихээс өмнөх үеийн зээл олголтын түвшинтэй ижил болсон байгаа юм.  

"Хөтөлбөр хэрэгжихээс өмнө буюу 2013 оноос өмнө иргэдийн авдаг ипотекийн зээлийн дундаж хэмжээ 39.1 сая төгрөг байсан бол 2019 онд 72.8 сая төгрөг болж өссөн, орон сууцны борлуулалт нэмэгдсэн, дундаж орлоготой иргэд амьдрал ахуйгаа дээшлүүлсэн, амар тайван амьдрах нөхцөлөөр хангагдсан, иргэдийн хөдөлмөрийн бүтээмж нэмэгдсэн зэрэг эерэг үр дүнгүүд гарсан.  2009 онд нийт борлогдсон орон сууцны 22 хувийг орон сууцны зээлээр худалдаж авдаг байсан. Тэгвэл ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2013 онд хамгийн их буюу 38,273 орон сууц борлогдсоноос 63 хувийг нь ипотекийн зээлээр борлуулсан. Гэхдээ нөгөө талд хуучин орон сууцны үнэ буурч, шинэ орон сууцны үнэ өссөн ба орон сууцны үнэ хөөрөгдсөн зэрэг сөрөг үр дүнгүүд ч гарсан" гэж МИК-ийн Тэргүүн дэд захирал З.Мөнх-Оргил ярьсан юм.

Энэ оны есдүгээр сарын байдлаар  нийт 95,000 иргэн ипотекийн зээлтэй байгаа бөгөөд зээлдэгчдийн ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл  4.5 их наяд төгрөг байгаа аж.

Зээлдэгчдийн 76.7 хувь нь Улаанбаатарт, 23.3 хувь нь орон нутагт орон сууц худалдан авчээ. 

Цалинтай зээлдэгчид 87.10 хувийг эзэлж байгаагаас 54.01 хувь нь ААН, 33 хувь нь төсөвт байгууллагаас цалинждаг байна.  

                                                                                                                                                                  П.Болор        

ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОЛТЫН ТҮВШИН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИХЭЭС ӨМНӨХ ҮЕТЭЙ ИЖИЛ БОЛЖЭЭ  
Тэнхлэг зууч ХХК - Facebook