"ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЖУРАМ"-Д ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

2019/12/04
"ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЖУРАМ"-Д ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА

Азийн Хөгжлийн Банк, эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубтэй хамтран “Агаарын бохирдол-Орон сууцжуулалт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. 

Хэлэлцүүлэгт БХБЯ-ны  Бодлого Төлөвлөлтийн Газрын дарга Ц.Баярбат, Азийн Хөгжлийн Банкны Суурин төлөөлөгчийн газрын Хот байгуулалтын салбарын тэргүүлэх мэргэжилтэн Арно Хекманн, НОСК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар, Монголын Ипотекийн Корпорацийн Тэргүүн дэд захирал З.Мөнх-Оргил нар оролцсон юм.

Тэд Засгийн Газраас хэрэгжүүлж буй орон сууцжуулах бодлого, зорилт, газар чөлөөлөлт, орлогод нийцсэн орон сууц, дэд бүтцийг сайжруулах,  амины орон сууц барих  иргэдэд ипотекийн зээл олгож байгаа эсэх, ипотекийн зээл цаашид хэрхэн үргэлжлэх... зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

БХБЯ-ны Бодлого Төлөвлөлтийн Газрын дарга Ц.Баярбат:

"Засгийн Газраас иргэдийг орон сууцжуулахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Одоогийн Засгийн Газар энэ оны тавдугаар сарын 22-ны өдөр 202 дугаар тогтоолоор “150 мянган айл-орон сууц” үндэсний хөтөлбөрийг 2019-2023 оны хооронд хэрэгжүүлэхээр баталсан. 

Энэ хөтөлбөр өмнөх Засгийн Газруудын хэрэгжүүлж байсан 40, 100 мянган айлын орон сууц зэрэг хөтөлбөрүүдтэй ерөнхийдөө адилхан. 150 мянган айлын орон сууц болж, өргөжиж байгаа юм. 

150 мянган айлын орон сууцны 100 мянгыг нь Улаанбаатарт, 50 мянгыг нь бусад аймаг, орон нутагт барихаар төлөвлөж байна. 

Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор БХБ-ын сайд үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. Энэ хөтөлбөр 4 зорилт, 84 төсөл арга хэмжээг багтаасан. Хөтөлбөр хэрэгжээд эхэлчихсэн. Дөрвөн зорилтыг задлаад ярья. 

Нэгдүгээрт, орон сууцны санхүүжилтийн тогтолцоо, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох. Ялангуяа орон сууцны санхүүжилтийн тогтолцоог зах зээлийн зарчимд нийцүүлэх, боловсронгуй болгох чиглэлээр судалгаа хийж байна. Эрх зүйн орчны хувьд,  орон сууцны тухай хуулийн өөрчлөлтийг Засгийн Газрын хуралдаанаар хэлэлцүүлээд, УИХ-д өргөн барихаар болсон. 

Хоёрдугаарт, Улаанбаатар хотын гэр хороололд орон сууц барих, дахин төлөвлөлтийг хийх зорилт тавьж байна. Энэ хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 45 мянган айлын орон сууц барихаар хөтөлбөртөө тусгасан. Ажил нь эхэлчихсэн. Хувийн хэвшил, төрийн хамтын ажиллагаагаар багагүй ажил хийнэ. Дэд бүтцийн ажлыг төрөөс шийдэх учиртай. 

Гуравдугаарт, ногоон буюу эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны нийлүүлэлтийг дэмжих чиглэл барьж ажиллаж байна. Тодорхой судалгаа хийж, олон улсын туршлагаас судалж байна.

Дөрөвдүгээрт, орлого дэмжсэн орон сууц буюу зорилтот бүлгийн иргэдийн орон сууцны хангамж, нөхцөлийг сайжруулах чиглэлээр багагүй ажлыг хийж байна.

ТОСК, НОСК-иар дамжуулаад олон төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ. "Буянт-Ухаа” орон сууцны хорооллуудыг нэрлэж болно. 

Цаашлаад БНСУ-ын Засгийн Газрын зээлээр “Солонго” 1, 2, “Баянголын ам” гэх зэрэг 8000 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэхчлэн маш олон ажлыг хийгээд, хийхээр төлөвлөөд ажиллаж байна.

2020 оноос ипотекийн зээлийг Засгийн Газар дангаараа хариуцахаар болсон. Ипотекийн зээлд зориулж 2020 оны улсын төсөвт 60 тэрбум төгрөг суулгасан. Үүнтэй холбогдуулан "Ипотекийн зээлийн санхүүжилтийн журам"-д өөрчлөлт оруулахаар Сангийн яам, Монголбанк, БХБЯ хамтран ажиллаж байна. 

Энэ сардаа багтааж журмаа шинэчлэн гаргана. Цаашид хүүгийн татаасыг улсын төсвөөс олгох маягаар ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ".

                                                                                                                                                             П.Болор                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

"ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЖУРАМ"-Д ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook