"МОРИНГИЙН ДАВАА"-НД ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ КОМПАНИУДЫГ ШАЛГАРУУЛНА

2019/11/28
"МОРИНГИЙН ДАВАА"-НД ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ КОМПАНИУДЫГ ШАЛГАРУУЛНА

Хан-Уул дүүргийн  нутаг дэвсгэр, Морингийн даваа орчимд  сургууль, цэцэрлэг,  төрийн бүхий л үйлчилгээг төвлөрүүлсэн “Орлогод нийцсэн орон сууц” төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Энэхүү шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх төсөл нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн даваа орчимд байрлах 129 га талбайг хамрах бөгөөд Улаанбаатар хотын төв цэгээс 13 км-т байрлах Био-технологийн кластер, уламжлалт эм, эмнэлэг, бариа заслын бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шинэ суурьшлын хороолол бий болох юм.

Төслийн давуу тал:

  • Төлөвлөлтийн бүстэй хил залгаа “Шинэ Яармаг” хороолол байрлаж буй,
  • Хотын төвлөрлийг багасгах,
  • Уламжлалт анагаах ухаан, эмнэлгийн аялал жуулчлалыг бодлоготойгоор хөгжүүлэх боломжийг бий болгох,
  • Шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл биотехнологийг хөгжүүлэх орчин, түүнийг дагасан үйлдвэрлэлийг төвлөрүүлж үндэсний бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний шинэ бүс бий болгох;

Төслийн үр дүн:

5000-10.000 өрх бүхий шинэ суурьшлын бүсийг үе шаттайгаар хөгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Туул тосгон, Шувуу, 12 дугаар хороо, Биокомбинатын оршин суугчдын хотын төв рүү орж хүртэж буй нийгмийн зарим үйлчилгээг төлөвлөсөн бүсээс хүргэх боломжтой болно. Үүнд:

  •  Эмнэлэг
  •  Кинотеатр
  •  Номын сан
  •  Худалдааны зах
  •  Дэлгүүр

Морингийн даваа орчмын "Орлогод нийцсэн орон сууцны төсөл"-ийн талаар НОСК ХК-ийн захирал Б.Сүхбаатар:

“Эхний ээлжинд 46 га талбайд төлөвлөлт хийж байгаа. Дэд бүтцээ бид өөрсдөө шийдэж өгнө. Төсөл хэрэгжүүлэх компаниудын сонгон шалгаруулалт зарлахад бэлэн болоод байна. Бид компаниудыг барьсан барилгынхаа хэдэн хувийг нь газар болон дэд бүтцийнхээ төлбөрт нийслэлд өгч, хэдэн хувийг нь хямд өртгөөр борлуулах боломжтой вэ гэдгийг нь харгалзан үзэж шалгаруулна. Хямд өртгөөр борлуулах эрхтэй орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд санал болгоно. Газрын төлбөрт өгч байгаа орон сууцнуудыг энгийн түрээс болон байршилд газар чөлөөлөхөд зарцуулахаар төлөвлөж байгаа. Эхний ээлжийн 46 га талбай дээр төсөл хэрэгжүүлэх 15-16 компани шалгаруулна. Зарим талбар дээр компаниуд нэгдээд орж болно” гэж ярьж байна.

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан:

“Нийслэлийн орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, богино хугацаанд олон өрхийг орон сууцаар хангах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Орлогод нийцсэн орон сууц гэхээрээ хямдхан, чанаргүй, орчин нөхцөл нь тааламжгүй газар биш хамгийн өндөр чанартай, ая тухтай амьдрах орчинг бүрдүүлсэн, нийгмийн байгууламжуудыг шийдсэн орон сууцыг хэлнэ. Түрээслээд өмчлөх боломжийг бүрдүүлж байгаагаараа орлогод нийцүүлсэн гэж байгаа. НОСК ХК, хувийн хэвшилтэй хамтраад гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулалтыг шинэ зохион байгуулалтаар эхлүүлж байна. Нийслэл газраа шийдэж, дэд бүтцээ татаж өгнө. Ингээд чадвартай, хариуцлагатай барилгын компаниудыг энэ ажилд оруулна. Ирэх хавраас Морингийн даваанд жишиг төлөвлөлттэй орон сууцны хороолол баригдаж эхэлнэ. Энд амины болон нийтийн орон сууцны аль аль нь байна. Морингийн даваа руу Яармаг нисэх чиглэлийн замаар ирэх ганц замтай болчихоод байгаа. Бид шууд нисэх, Морингийн давааны замаас 22-ын товчоо руу холбох зам дэд бүтцээ давхар төлөвлөөд явна. Хотыг задлах, захаас нь хөгжүүлэх боломж бүрдэнэ. Морингийн даваа орчмын айл өрхүүд орон сууцны төсөл хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой” гэлээ.

                                                                                                                                                             П.Болор                                                                                                                       

 

"МОРИНГИЙН ДАВАА"-НД ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ КОМПАНИУДЫГ ШАЛГАРУУЛНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook