ГЭР ХОРООЛЛЫН ДУНДЫН БҮСИЙН ӨРХҮҮД "ДЭД БҮТЦИЙН ТӨВ" ТӨСӨЛД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАЖ БОЛНО

2019/11/21
ГЭР ХОРООЛЛЫН ДУНДЫН БҮСИЙН ӨРХҮҮД "ДЭД БҮТЦИЙН ТӨВ" ТӨСӨЛД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАЖ БОЛНО

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 14/01 тогтоолоор “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг баталсан бөгөөд гэр хорооллыг төвийн, дундын, захын бүс гэж  3 хувааж хөгжүүлэхээр тусгасан.

Хөтөлбөрийн хүрээнд:

-Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл, 

-Хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжүүлж байна.

Инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбох боломжтой, хотын барилгажсан хэсэгтэй хил залгаа орших гэр хорооллын төвийн бүсэд газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж,  25 байршил баталсан бөгөөд энэ нь 16.317 хашаа бүхий 1516.6 га газрыг хамарч байгаа юм.

Одоогийн батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр, дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд 89.968 айлын 961 блок орон сууц барьж ашиглалатанд оруулснаар гэр хорооллын айл өрхийн 41.5 хувь байранд орох боломжтой болно.

Гэр хорооллын төвийн бүс буюу дээрхи дахин төлөвлөлтийн байршилд Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 15, Чингэлтэй дүүргийн  7, 8, 9, 10, 13, 15, Баянгол дүүргийн 9, 10, 11, Баянзүрх дүүргийн 2, 4, 8, 16, 12, 13, 14, Хан-Уул дүүргийн 4, 5, 8, Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20, 10, 5, 6, 7, 28 дугаар хороо болон алслагдсан дүүргүүдээс Налайхын 7, Багануурын 1, 5 дугаар хороо багтаж байна. 

Эдгээр хороодыг  дахин төлөвлөлтөд хамруулахаар  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гарсан гэсэн үг.

Харин инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбох  боломжгүй гэр хорооллын дундын бүсэд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн дэд бүтцээр хангах “Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжих ёстой.

Хэсэгчилсэн шугам сүлжээгээр хангах боломжтой 2794 га бүхий гэр хорооллын дундын бүсэд эхний ээлжинд нийт 50 ширхэг  бие даасан "Дэд бүтцийн төв" барьж байгуулах тухай  Засгийн Газрын тогтоол гарсан.

Дээрхи тогтоолын дагуу  “Дэд бүтцийн төв”-ийн эхний загвар төслийг  Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 220 нэгж талбарыг хамарсан 14 га газарт нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж дууссан юм.

Төслийн хүрээнд гурван төв магистраль шугам, дулаан хангамжийн 83 худаг, бохирын 107 худаг, хоногт 520 метр.куб бохирыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, цахилгаан хангамжийн 4800 метр шугамын ажлуудыг хийсэн бол  107 айл байшингаа дулаалж, 30 орчим айл байшингаа шинэчлэн барьжээ.

Эхний "Дэд бүтцийнм төв" ийнхүү Чингэлтэй дүүргийн 7-р хороонд ашиглалтанд орсон бол  Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 206 нэгж талбарыг хамарсан 17.3 га газарт улсын төсвийн хөрөнгөөр “Дэд бүтцийн төв” төсөл хэрэгжиж байна.

"Дэд бүтцийн төв" төслийн хүрээнд айл өрхүүдийг инженерийн дэд бүтцэд холбохоос гадна авто зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, камержуулалт, нийгмийн дэд бүтэц, ажлын байрыг нэмэгдүүлэх зэргээр цогц төлөвлөлтийг хийж хэрэгжүүлэх зорилготой.

Тиймээс иргэд шаардлагатай тохиолдолд хашаагаа татах, байшингийнхаа дулаан алдагдлыг багасгах, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх зэрэг өөрсдийн зүгээс шалтгаалах ажлуудыг хийж  байж төсөл амжилттай хэрэгжинэ. Түүнчлэн ариун цэврийн өрөөний угаалтуур, суултуур, ванн гэх мэт зүйлсээ өөрсдөө бэлтгэх үүрэгтэй.  

Засгийн Газрын 2018 оны 369 дүгээр тогтоолоор баталсан “Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам”-аар инженерийн дэд бүтцэд холбогдох боломжтой 120 м.кв-аас ихгүй талбай бүхий  амины орон сууцанд ипотекийн зээл олгохоор болсон тул  "Дэд бүтцийн төв" төсөлд хамрагдсан иргэд өөрийн өмчлөлийн газартаа амины орон сууц барих, газрын үнэлгээ 3-4 дахин нэмэгдэх, агаар, хөрсний бохирдол буурах зэрэг олон эерэг ер үр дүн гарах юм.

"Дэд бүтцийн төв" төсөл хэрэгжих дундын бүсийн айл өрхүүд  нэгдэн бүлэг болж,  хороо, дүүргээрээ дамжуулах юм уу аль эсвэл шууд Нийслэлийн Орон Сууцны Дэд Бүтцийн Газарт хүргүүлж болно.

Гэр хорооллын захын бүсэд айл өрхийг байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүч, цахилгаан эрчим хүчинд суурилсан халаалтын системээр хангаж, амьдрах нөхцлийг сайжруулахаар хөтөлбөрт тусгасны дагуу хэрэгжүүлэх бие даасан инженерийн хангамжийн төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг одоогоор боловсруулж байгаа аж.

“Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрт тусгасны дагуу гэр хорооллын төвийн, дундын, захын гэсэн гурван бүсэд өөр өөрийн онцлогтой төслүүд  урт, дунд хугацаанд хэрэгжих юм.

                                                                                                                                                             П.Болор         

ГЭР ХОРООЛЛЫН ДУНДЫН БҮСИЙН ӨРХҮҮД "ДЭД БҮТЦИЙН ТӨВ" ТӨСӨЛД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАЖ БОЛНО  
Тэнхлэг зууч ХХК - Facebook