ЗАЙСАН ОРЧМЫН ХАЛААЛТЫН ЗУУХНУУДЫГ БУУЛГАЖ ТӨВЛӨРСӨН ДУЛААН ХАНГАМЖИЙН СҮЛЖЭЭНД ХОЛБОНО

2019/11/20
ЗАЙСАН ОРЧМЫН ХАЛААЛТЫН ЗУУХНУУДЫГ БУУЛГАЖ ТӨВЛӨРСӨН ДУЛААН ХАНГАМЖИЙН СҮЛЖЭЭНД ХОЛБОНО

Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэж байгаа инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажил, цаашдын төлөвлөлтийн талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунтуяа, Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Эрдэнэбат, Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дулааны инженер П.Цэрэнжаргал нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

2018-2019 онд Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээг өргөтгөж нийт 23,9 км шугамыг зургаан чиглэлд барьж, Сэлбэ дэд төвд 26,8 МВт-ын чадалтай дулааны эх үүсвэрийг барьж ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа аж. Ингэснээр Баянхошуу дэд төв, Яармагийн шинэ төв, 1 дүгээр хорооллын арын хэсэг, бичил 7 дугаар хороолол, Гачууртын зам дагуух барилгууд дулааны шугамд холбогдоно. Мөн  Зайсан орчмын халаалтын зуухнуудыг буулгаж, төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбох юм.

Хот байгуулалт, хөгжлийн газрын Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунтуяа:

“2018-2019 онд 27 халаалтын зуухны 47 барилгыг төвлөрсөн сүлжээнд холбож ажиллалаа.  Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд улсын төсвөөр 42000 орчим айл өрхийг 4кВт-ын цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлсэн. Улаанбаатар хотын хэмжээнд долоон эх үүсвэрээс хоногт 258.900 м.куб цэвэр усыг олборлон 17 усан сангаар дамжуулан түгээж байна. Цаашид ус хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор усан сангууд хоорондын дамжуулах шугамыг шинээр барьж, гэр хороолол болон шинэ суурьшлын бүс, дэд төвүүдийн бүсэд 4 усан сан, дамжуулах шугамыг барьж байна”.

Мянганы Сорилын Сангийн буцалтгүй тусламжаар Био комбинат, Шувуун фабрик орчимд усны эх үүсвэр, ус цэвэршүүлэх үйлдвэр шинээр барих төслийг эхлүүлсэн бөгөөд уг төслөөр төв цэвэрлэх байгууламжаас гарсан усыг дахин цэвэрлэж дулааны цахилгаан станцуудын технологийн усанд нийлүүлэх аж.

Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Эрдэнэбат:

"Гэр хорооллын нүхэн жорлонгоос үүдэлтэй бохирдлыг бууруулах, шинэ дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх зорилгоор Баянхошуунд 6,5 км, Сэлбэ дэд төвд 5 км, Шар хаданд 8,5 км коллекторуудыг барьж ашиглалтанд оруулсан. Цаашид төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажлаас гадна Туул-1 ариутгах татуургын коллекторууд, Яармагийн гэр хорооллын хэсэгчилсэн бүсэд 5-7 км-ийн ариутгах татуургын шугамыг шинээр барих төслийг хэрэгжүүлнэ".

 

ЗАЙСАН ОРЧМЫН ХАЛААЛТЫН ЗУУХНУУДЫГ БУУЛГАЖ ТӨВЛӨРСӨН ДУЛААН ХАНГАМЖИЙН СҮЛЖЭЭНД ХОЛБОНО  
Тэнхлэг зууч ХХК - Facebook