ДОРНОГОВЬ АЙМАГТ М.КВ НЬ 650.000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БҮРЭН АШИГЛАЛТАНД ОРЛОО

2019/11/19
ДОРНОГОВЬ АЙМАГТ М.КВ НЬ 650.000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БҮРЭН АШИГЛАЛТАНД ОРЛОО

Хямд үнэтэй, орчин үеийн орон сууцны хороолол, хотхоныг аймаг, сумдад барьж ашиглалтанд оруулах нь иргэдийг орон нутагтаа тав тухтай амьдрах нөхцөл боломжоор хангах, Улаанбаатар хот руу нүүдэллэх шилжилт хөдөлгөөнийг багасгах хамгийн зөв шийдэл.

Дорноговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар захиалж, аймгийн Нутгийн Зөвлөл хөрөнгө оруулснаар 1000 айлын орон сууцны "Мандах Наран" хороолол 2016 оноос баригдаж эхэлсэн юм.

Орон нутгаас орон сууц барих газар, гаднах дэд бүтцийн ажлыг шийдвэрлэн, барилгын материалыг хямд үнээр нийлүүлэн хамтран ажиллаж, 2017 онд Сайншанд сумын 2-р багт "Мандах Наран-1" хороолол, 2018 онд Замын-Үүд суманд "Мандах Наран-2" хорооллыг ашиглалтанд оруулсан бол энэ онд Сайншанд суманд Мандах Наран- 3, 4-р хорооллыг бүрэн ашиглалтанд орууллаа.

"Хүүхдийн цэцэрлэг, тоглоомын талбай, үйлчилгээний төв, дулаан зогсоолтой, тус бүр нь 4 блок бүхий, м.кв нь 650,000 төгрөгийн үнэтэй "Мандах наран 1, 2, 3, 4" хорооллууд нь Улаанбаатар хотын ижил стандарттай орон сууцтай  харьцуулбал 2-5 дахин хямд, зэргэлдээ аймгуудын орон сууцны үнэтэй харьцуулбал 2 дахин хямд байна. Уг төслийн зарлага нь орлогоо давсан бөгөөд дутсан хөрөнгө оруулалтыг хувийн зүгээс шийдэж өгсөн" гэж УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан "Мандах наран-4" хорооллын  нээлтийн үеэр онцолж байлаа.

Орон сууцыг тэгш хүртээмжтэй хуваарилахын тулд иргэдийг зорилтот бүлэгт  хувааж, олон нийтэд нээлттэйгээр сугалаа явуулж сонголтыг хийлгэжээ.

"Иргэд маань хот руу шилжихгүй, эндээ ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлж өгөхийн тулд уг төслийг эхлүүлсэн. Хямд үнэтэй орон сууцны эрэлт хэрэгцээ их байгаа учраас энэ төслийг цаашид үргэлжлүүлнэ" гэж УИХ-ын гишүүн, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн Тэргүүн Б.Дэлгэрсайхан онцолж байсан юм.

1-3 өрөө байрны сонголттой тус  хорооллын 63 м.кв 3 өрөө байрны НӨАТ орсон үнэ  45 сая төгрөг байна.

"Мандах наран" 1000 айлын орон сууцны барилгын ажлын гүйцэтгэгчээр “Гантулга трейд” ХХК ажиллажээ.

                                                                                                                                                            П.Болор 

ДОРНОГОВЬ АЙМАГТ М.КВ НЬ 650.000 ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ БҮРЭН АШИГЛАЛТАНД ОРЛОО  
Тэнхлэг зууч ХХК - Facebook