НОГООН НУУР-1008 АЙЛЫН ОРОН СУУЦ" ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 60 ХУВЬТАЙ БАЙНА

2019/11/14
НОГООН НУУР-1008 АЙЛЫН ОРОН СУУЦ" ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 60 ХУВЬТАЙ БАЙНА

БНХАУ-ын Засгийн Газраас Монгол Улсын Засгийн Газарт олгох 350 сая юанийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ногоон нуур -1008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлэхээр болж, шавыг тавиад удаж байна.

Төсөл хэрэгжүүлэх хэлэлцээрийг Барилга Хот Байгуулалтын Яам, БНХАУ-ын тал үзэглэж, санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдэн, ерөнхий төлөвлөгөө батлагдсан.

БХБЯ-ны Төсөл хэрэгжүүлэх нэгж, зураг төслийн ажлыг гүйцэтгэгч компанийн төлөөлөл бүхий ажлын хэсэг 10-р сард БНХАУ-ын Бугат хотод ажиллан “Ногоон нуур -1008 айл орон сууц”  барилгын төслийн ажлын зураг болон төсвийг хятад хэл дээр бэлтгэж хүлээлгэн өгсөн байна.

Ингэснээр төслийн эрх зүйн баримт бичгүүд албажих, барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчийг шалгаруулах ажил хүлээгдэж байгаа бөгөөд одоогоор төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай явж байна.

Батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар 1.9 га газар буюу 36 нэгж талбарыг чөлөөлөх шаардлагатай бөгөөд эдгээр байршилд авто зам, авто зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. 

“Ногоон нуур - 1008 айлын орон сууц” төсөл 36 сарын хугацаанд хэрэгжих бөгөөд 21 давхар, зоорьтой, 8 блок барилга баригдахаар төлөвлөгджээ.

Төсөл хэрэгжүүлэх байршилд 2012-2013 онд газар чөлөөлөлт хийгдсэн бөгөөд Нийслэлийн Засаг Даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн захирамжаар 3.8 га газар эзэмших эрхийг Нийслэлийн Орон Сууцны Дэд Бүтцийн Газарт шилжүүлээд байна. 

Төслийн хүрээнд Монголын талын хариуцсан газар чөлөөлөх, зураг төслийг бэлэн болгох, шаардлагатай дэд бүтцийг бүрэн гүйцэтгэх зэрэг  ажлуудыг 2020 оны 4-р сараас өмнө бэлэн болгохоор БХБЯ-ны харьяа Төсөл хэрэгжүүлэх нэгж ажиллаж байгаа аж.

                                                                                                                                                                                                                                                                                                                                        П.Болор

НОГООН НУУР-1008 АЙЛЫН ОРОН СУУЦ" ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 60 ХУВЬТАЙ БАЙНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook