ХОТЫН ЗАХИРГААГ ЯАРМАГ РУУ НҮҮЛГЭХ ХЭВЭЭРЭЭ ЮУ?

2019/10/29
ХОТЫН ЗАХИРГААГ ЯАРМАГ РУУ НҮҮЛГЭХ ХЭВЭЭРЭЭ ЮУ?

Нийслэлийн төр захиргааны төв байрыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Ханын материалд  барих шийдвэр Э.Бат-Үүл даргын үед буюу 2016 онд гарч барилгын шавыг нь тавьж,  132 сая ам.долларын концессийн гэрээг Унгарын талтай байгуулж байсан ч төсөл цааш үргэлжлээгүй.

Хотын захиргааг Ханын Материалд биш, Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр, Яармагт барих шийдвэр 2018 онд С.Батболд даргын үед гарч, барилгын ажлыг эхлүүлсэн юм.

Шинэ цогцолборын зарим барилгын ажлын гүйцэтгэл 80 хувьд хүрсэн үед шинэ дарга С.Амарсайхан дарга “Хотын захиргааг нүүлгэхгүй” гэж мэдэгдсэн билээ.

         Хотын захиргааг нүүлгэх эсэх асуудлаар тэд ямар байр суурь илэрхийлж байсан бэ?

       
 
 
      Хотын дарга асан Э.Бат-Үүл: 
 
Сонгинохайрхан дүүргийн Ханын Материалд барих гэж байсан хотын захиргааг Нүхтийн ам руу /Яармаг орчим/ нүүлгэнэ гэж байгаа чинь зориуд тэр газрыг үнэтэй болгох гэж хийгээд байна. 

Дарга нар нь арын хаалгаар баахан газар авчихсан.
Тэнд нь дарга нар орон сууц барина.
Тэрнийг зарахад нь хот маркетинкийн дэмжлэг үзүүлэх гэж байна. 

Яалаа гэж ингэж байгаа юм бэ. Хашааны газрыг өдөр тутам үнэгүйдүүлж байна, болохгүй. 

Нүхтийн аманд баахан арын хаалгатай улсууд газар авчихсан байгаа.
Тэрэн дээр баригдах орон сууцыг заруулах гэж л хотын захиргааг нүүлгэх гэж байна".
   
                     
         Хотын дарга асан С.Батболд:
 
"Яармагийг бизнес санхүүгийн төв болгон хөгжүүлнэ. Учир нь, тухайн газар нь хөгжих бололцоотой дэд бүтэц, шинэ нисэхийн хурдны зам орсон, Яармагийн гүүр шинээр баригдаж байгаа зэрэг боломжууд ихтэй.
Хотын захиргааг Ханын Материал руу нүүлгэхээр барилгыг 132 сая долларын концессын гэрээгээр Унгарын компаниар бариулах ажил яригдаж байсан. Концессын гэрээ нь хүчингүй болсон. Хотын захиргааг барихаар төлөвлөсөн байсан газарт орлогод нийцсэн орон сууц барихаар НОСК ажиллаж байна.Нүүх дуртайдаа эсвэл шинэ байранд орох гээд байгаадаа биш хот өөрөө үлгэрлэж хотын төвөөс нүүж болдог юм байна, захиргааны байгууллага нь гарч болдог юм байна гэдгийг төрийн захиргааны байгууллагууд болон бусад газруудад харуулахыг зорьж байгаа юм.

 
 
 
            
      Хотын дарга С.Амарсайхан:
 
Хотын захиргааны шинэ байр баригдаж байгаа. Гэхдээ хотын захиргаа Яармаг руу нүүснээр түгжрэл буурна гэвэл худлаа. Ямар ч нөлөөлөл байхгүй. Миний хувьд тэр байрыг залуучуудад зориулсан шинжлэх ухаан, технологи, анин мэдэхүйн, инженер техникийн чиглэлийн төв болгох нь зүйтэй гэж үзсэн. Энэ саналаа Засгийн Газрын хуралдаанд оруулж танилцуулсан боловч бүрэн дэмжигдээгүй. Тиймээс нэг хэсгийг нь хотын захиргаа, нөгөө хэсгийг нь залуучуудад зориулсан хөгжлийн төв болгохоор төлөвлөж байгаа. Технологи хурдтай хөгжиж байгаа энэ цаг үед бид технологийг гар утасны хэрэглээ төдийхнөөр харж болохгүй. Тиймээс хотын 65 хувийг эзэлж буй 35-аас доош насны залууст зориулсан хөгжлийн төвтэй байх нь зөв гэж үзсэн. 

                                                                                                                                             

                                                                                                                                                              П.Болор                  

 

ХОТЫН ЗАХИРГААГ ЯАРМАГ РУУ НҮҮЛГЭХ ХЭВЭЭРЭЭ ЮУ?  
Тэнхлэг зууч ХХК - Facebook