НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 199.169 ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭЭД БАЙНА

2019/10/21
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 199.169 ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭЭД БАЙНА

Газар өмчлөлийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх ажлууд шат дарааллан явагдаж байгаа талаар Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Албаны Газар өмчлөлийн хэлтсийн дарга У.Сувдсүрэн, Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий, орлогч дарга Г.Баярсайхан нар  мэдээлэл хийлээ.

Газар өмчлөлийн хэлтсийн дарга У.Сувдсүрэн: 

“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2003 оноос хэрэгжиж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн 199,169 иргэнд газар өмчлүүлээд байна. Газар өмчлүүлэх тухай хуульд 2008 онд өөрчлөлт орсноор өрх бүр биш, иргэнд бүрд нэг удаа үнэгүй газар өмчлүүлэх болсон. Ингэж өөрчлөгдсөнөөр гэр бүл дундаа нэг газартай бол өрхийнхөө аль нэг гишүүнд хэлцлийн журмаар өгч, үлдсэн гишүүд нь тухайн газраас чөлөөлөгдөж, хуулийн хүрээнд нэг удаа өөрийн нэр дээр үнэгүй газар өмчлөх эрхтэй болсон гэсэн үг. Газар өмчлөх эрх нь Монгол Улсын иргэн бүхэнд нээлттэй учир нэр дээрээ орон сууцтай хүн газар өмчилж авч болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Түүнээс гадна газрыг өмчлөх, ашиглах, эзэмших гэсэн харилцаа бий. Энэ харилцааны хамгийн дээд хэлбэр нь өмчлөх гэдгийг иргэд санах хэрэгтэй. Газар өмчилж авна гэдэг нь тухайн хүний хувийн өмч болж захиран зарцуулах эрхтэй болно гэсэн үг. Ямар нэг газрын зөрчилгүй буюу эзэмшиж авсан газартаа кадастрын зургийн дагуу хашаагаа барьсан тохиолдолд өмчлөх боломж бүрдэнэ. Газрын тухай хуульд эзэмшиж авсан газраа хоёр ба түүнээс дээш жил ашиглаагүй бол тухайн газар эзэмших эрх хүчингүй болно гэсэн заалт бий. Гэхдээ энэ дагуу одоогоор иргэний эзэмшиж байгаа газрыг цуцалсан тохиолдол байхгүй. Бид хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр хуультай холбоотой гарын авлагыг хороогоор дамжуулан өрх бүрд хүргэж байгаагаас гадна хороодод ажиллаж, хуваарийн дагуу иргэдэд мэдээлэл өгч байна. Энэ үйл ажиллагаанд иргэдийг идэвхитэй оролцохыг урьж байна". 

Хуулийн дагуу нийслэлийн иргэд 21 аймагт газар өмчлөх эрх нь нээлттэй ч нийслэлд газрын нөөц байхгүй учраас орон нутгийн иргэд нийслэлд газар авах боломжгүй. Гэхдээ орон нутгийн иргэд шилжин ирж, бүртгэлтэй болсон тохиолдолд нийслэлд газар өмчлөх эрх нь нээгдэх аж.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд нийслэлд бүртгэлтэй иргэд 0,07 га хүртэл, аймгийн төвд 0,35 га, сумын төвд 0,5 га хүртэл хэмжээний газрыг нэг удаа үнэ төлбөргүй өмчлөх эрхтэй гэж заасан. 

Иргэд эзэмшиж буй газраа өмчилж авснаар өмчилсөн газрыг зохих журмын дагуу Монгол Улсын иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах давуу талуудтай. Хууль тогтоомжинд заасан бусад эрхүүдийг ч мөн эдлэх боломжтой.

2019 оны байдлаар 25771 иргэн Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын албанд хандаж хамтран өмчлөгчөө хасуулж 74624 иргэнд шинээр газар өмчлөх эрх нээж өгсөн байна.

Мөн цахимаар 69,800 иргэнд газар олгосон ч одоогоор яг тухайн газраа ашиглаж, эзэмшиж байгаа иргэн нэг ч байхгүй. Учир нь тухайн газруудад дэд бүтэц, ундны ус, зам харилцаа байхгүй учраас иргэд одоохондоо тухайн газартаа амьдрах боломжгүй гэдгийг Газар Өмчлөлийн Хэлтсийн дарга У.Сувдсүрэн онцолсон юм.

Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий:

“Газар эзэмших эрхтэй ч үйл ажиллагаа явуулахгүй удсан, орчноо бохирдуулсан, тухайн газрыг хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд харшлахаар ашигласан тохиолдолд эзэмших эрхийг цуцлах үйл ажиллагааг явуулж байна. Нийслэлийн Засаг Дарга, Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Албаны даргын хамтарсан тушаалаар эзэмшсэн газраа удаан хугацаанд ашиглаагүй бол эрхийг нь цуцлах арга хэмжээг авч байгаа. Одоогоор "Найрамдал" зуслангийн ойролцоох 24 газрыг буюу 5.1 га газрын эрхийг цуцалж, тус зусланд буцаан олгож, үйл ажиллагааг нь өргөтгөх боломжийг хангасан. Мөн газрын зөрчил арилгахтай холбоотой ажлуудыг давхар гүйцэтгэж байна. Эдгээр цуцалсан газрыг иргэдэд нээлттэй дуудлага худалдаагаар олгохоор төлөвлөж байна”.

                                                                                                                                                              П.Болор                               

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 199.169 ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭЭД БАЙНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook