ХАШААНЫ ГАЗРАА ЭРГЭЛТЭД ОРУУЛЖ ОРОН СУУЦТАЙ БОЛОХ ХУВИЛБАРУУДЫГ САНАЛ БОЛГОЛОО

2019/10/16
ХАШААНЫ ГАЗРАА ЭРГЭЛТЭД ОРУУЛЖ ОРОН СУУЦТАЙ БОЛОХ ХУВИЛБАРУУДЫГ САНАЛ БОЛГОЛОО

Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Азийн хотуудын орон сууцны IV форум”-ын үеэр төр, иргэн, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дүнд иргэдийг орон сууцжуулах боломж, туршлагуудын талаар ярилцсан юм.

Азийн орнууд, тэр дундаа Вьетнам, Филиппин, Тайландын мэргэжилтнүүд төр, хувийн хэвшлийн түншлэлээр халамжийн орон сууцыг хөгжүүлэх боломж болон өөрийн улсуудын хот төлөвлөлт, орон сууцжуулалтын талаар сонирхууллаа. 

Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хороололд  иргэдийн оролцоотойгоор газар дахин зохион байгуулах төсөл хэрэгжүүлж байгаа талаар GIZ Азийн хотуудын "NEXUS төсөл"-ийн ахлах мэргэжилтэн С.Цэрэндаш, "Иргэдийн орлогод нийцсэн амины орон сууцны нөхөрлөлийг хөгжүүлэх боломж" сэдвээр  UCD ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Булган нар илтгэл тавьсан юм.

Азийн хотуудад хэрэгжиж байгаа “NEXUS төсөл”-ийн ахлах мэргэжилтэн С.Цэрэндаш:

“Энэхүү төсөл 2013 оноос эхэлсэн бөгөөд иргэдийн оролцоотойгоор газар дахин зохион байгуулах “Цайз Эко хотхон"-ы 20 айлын төсөл юм.  Иргэд нэгдэн хамтарсан сан байгуулаад газар дээрээ томоохон орон сууц бариулах боломжтой. Энэ чиглэлд манай иргэд бэлтгэлгүй, мэдээлэл муутай байсан учир сурталчилж,таниулахад маш их цаг зарцуулсан. Төр, хувийн хэвшлийн түншлэл, Германы “GIZ” компани дэд бүтцийн зураг төслийг гаргаж өгсөн. Одоогоор таван айл газраа чөлөөлж гэрээ байгуулсан.  Иргэд газраа орон сууцаар солих хүсэлтэй байдаг учир байрны мөнгөнөөс газрын үнийг хасч, үлдсэн мөнгөн дүнг урт хугацааны зээлээр, жилийн 14 хувийн хүүтэй төлөх боломжоор хангасан. “Эрэл” банк, “Ариг” банк, “GIZ” компани, Нийслэл, “Орон сууц, иргэдийн газар өмчлөлийн хоршоо” гэсэн  таван талт гэрээ байгуулдаг. Таван айлын газар дээр 20 айлын сууц барихаар төлөвлөсөн.  Ус, цахилгааны шийдлээ шийдчихвэл  дулааныг нар, цахилгаанаар халаах болно”.

 “UCD” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Булган:

"Манай байгууллага нь гэр хорооллыг дахин төлөвлөх “Зохицол" төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 0,07 га хашаанд дахин төлөвлөлт хийж, эрчим хүчний хэмнэлттэй, хэрэглээний зардал багатай амины орон сууц барихаар төлөвлөсөн. Дахин төлөвлөлтийг хийхдээ хороо, гудамж гэсэн том хэлбэрээр биш хүссэн айл бүрт дахин төлөвлөлт хийх боломжтой юм. Мөн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор түрээсийн байр, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах талбай гаргаж, зээлээ төлөх боломжийг бүрдүүлэхээр төлөвлөсөн.  Иргэдэд тавьж буй шаардлагын хувьд газар өмчлөлийн бичигтэй, 30 хувийн урьдчилгаа төлбөртэй, зээлийн хүү 16,8 хувьтай байна. Манайх улсын байгууллагуудтай хамтарч ажилладаггүй болохоор хүү бууруулахад төвөгтэй байгаа боловч, илүү анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Нэг хашаанд нэг л айлын амины сууц барихгүй, газрынхаа хэмжээнээс хамаарч таван айлын орон сууц барих боломжтой. Олон айлын орон сууц барьсан тохиололд инженерийн шугам сүлжээний төлбөр, бусад зардлууд ч багасна. Хөнгөн блокоор туршилтын байшин барьж, иргэдэд худалдаад тухайн газартаа одоог хүртэл судалгаа хийж байгаа. Тухайн байшинг цахилгаанаар бүрэн халааж байна уу, дулаан алдагдал ямар байна вэ, байшингийн загварыг хэрхэн сайжруулж болох вэ, сарын төлбөрийг багасгах ямар боломж байна вэ гээд  судлах ажил их байна”.

Энэ мэтчилэн төр, хувийн хэвшил, иргэдийн түншлэлийн дүнд  уян хатан нөхцөлтэйгөөр орон сууцтай болох боломж байна.

                                                                                                                                                             П.Болор              

ХАШААНЫ ГАЗРАА ЭРГЭЛТЭД ОРУУЛЖ ОРОН СУУЦТАЙ БОЛОХ ХУВИЛБАРУУДЫГ САНАЛ БОЛГОЛОО  
Тэнхлэг зууч ХХК - Facebook