ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ОРОХООР ШАЛГАРСАН ИРГЭДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

2019/10/15
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ОРОХООР ШАЛГАРСАН ИРГЭДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

“Буянт Ухаа- 2” хорооллын түрээсийн орон сууцанд орохоор шалгарсан   иргэдэд батламж гардуулах арга хэмжээ өнөөдөр боллоо.

Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Орон Сууцны Корпорацийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар болон холбогдох албаныхан оролцлоо.

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан:

“Нийслэлийн 380 жилийн ойгоо бид бүтээлчээр тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нийслэлийн удирдлагуудын зүгээс иргэд оршин суугчдадаа үлдэцтэй, амьдралд нь дэм тустай, хотын хөгжлийг урагшлуулсан үр дүнтэй бүтээлч ажлуудыг шат дараалан хийж хэрэгжүүлж байна. Өнөөдрийн орон сууцны батламж гардуулах ажил бол эхний ээлжинд хэрэгжүүлсэн ажлын нэгээхэн хэсэг. Нийслэлийн удирдлагуудын зүгээс ирэх 2020 онд иргэд, оршин суугчдаа ая тухтай амьдрах орчин нөхцөлөөр хангахын тулд орлогод нийцсэн орон сууц, түрээслээд өмчлөх боломжтой орон сууцны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Нийслэлийн удирдлагууд бодлогоо тодорхойлж, хувийн хэвшил гүйцэтгэлийг хангадаг төр хувийн хэвшлийн түншлэлээр хотоо хөгжүүлнэ”.

“Буянт Ухаа-2” хорооллын түрээсийн орон сууцны цахим бүртгэлд нийт 35,058 иргэн бүртгүүлсэн. Цахим бүртгэлд бүртгүүлсэн иргэдийн дундаас сонгон шалгаруулалтад тэнцэж энгийн түрээс болон түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцанд орох 580 айл ийнхүү батламжаа гардан авлаа.

Нийслэлийн Орон Сууцны Корпорацийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар:

“Улаанбаатар хотод анх удаа Азийн Орон Сууцны Форумыг зохион байгуулж иргэдийн орлогод нь нийцсэн орон сууцтай болгох жишгээр туршлага солилцлоо. Бид орон сууцны түрээс, түрээслээд өмчлөх хэлбэрийг анх удаа хэрэгжүүлж эхэллээ. Цаашид бид иргэдээ аюулгүй, тухтай орчинд амьдрах нөхцлийг нэн тэргүүнд тавьсан орон сууцны олон төсөл хөтөлбөрүүдийг хийж хэрэгжүүлнэ”.

Батламжаа гардан авсан иргэд хуваарийн дагуу орон сууцандаа орох юм.

Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны өндөр настан 88 настай Д.Очирбат:

-Олон жил хүлээсэн байрандаа орох болсондоо баяртай байна. Энэ сонгон шалгаруулалтыг худлаа байх даа, дээгүүрээ хувааж идээд дуусдаг мэтээр бодож байсан. Гэтэл орон сууцанд орох боломжтой талаар утсаар дуулгахад баярласандаа уйлсан. Би 43 жил барилгын салбарт ажилласан. Насны сүүлд төр засгаас орон сууц авна гэдэг маш сайхан зүйл юм байна.

 

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ОРОХООР ШАЛГАРСАН ИРГЭДЭД БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook