"ОРОН СУУЦТАЙ БОЛНО" ГЭЖ ГАЗРАА ЧӨЛӨӨЛЖ ӨГСӨН ИРГЭД ОРОХ ОРОН Ч ҮГҮЙ БОЛООД УДАЖ БАЙНА

2019/10/08
"ОРОН СУУЦТАЙ БОЛНО" ГЭЖ ГАЗРАА ЧӨЛӨӨЛЖ ӨГСӨН ИРГЭД ОРОХ ОРОН Ч ҮГҮЙ БОЛООД УДАЖ БАЙНА

Амьдарч буй дан байраа орчин үеийн тохилог орон сууцаар солихоор “Назу Проперти” компани болон нийслэлтэй гурвалсан гэрээ хийж газраа чөлөөлж өгч байсан иргэд өөрийн гэсэн орон гэргүй, муугаар хэлбэл тэнүүчлэн амьдарсаар 5 жилийг үджээ.

...Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны эцсийн буудлаас зүүн тийш байрлах, "Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр" гэж нэрлэгдэж ирсэн дан цагаан байруудыг дахин төлөвлөх төсөл хэрэгжүүлэгчээр “Назу Проперти” компани 2013 онд шалгарсан.

Төсөл хэрэгжих талбай нь 11,5 га газар, 268 өрхийг хамардаг. Тус компани эдгээр өрхийн 260-тай нь гурвалсан гэрээ байгуулсан байна.

Улмаар дан байранд амьдардаг 40 айл, хашаа байшинд амьдардаг 3 айл 2014 оны 9-р сард газраа чөлөөлж өгснөөр 2015 оны хавар барилгын ажлыг эхлүүлсэн. 

Газраа чөлөөлсөн айлуудыг 2015 оны 4-р улиралд шинэ орон сууцанд оруулна гэсэн боловч барилгын ажил 5 давхраас цааш ахилгүйгээр 4 жилийг ардаа орхиод байна.

"Газраа чөлөөлсөн айлуудад түр амьдрах байрны түрээсийн төлбөрт зориулж, сард 150.000 төгрөг өгөхөөр гэрээнд тусгасан. Мөнгийг эхэндээ өгч байсан ч сүүлдээ таг болсон. Орон сууцтай л болж байвал ганц хоёр жил байр түрээслээд амьдарч байхад болохгүй юмгүй гэж бид шийдсэн юм.  Гэтэл 150.000 төгрөгөөр айлын гэр, халаасны өрөө ч түрээслэж хүрэхгүй байсан болохоор "Назу" компанийн өгсөн мөнгөн дээр өөрсдөө нэмэрлээд энд тэнд байр, хашаа байшин түрээслэж байсан. Сүүлдээ компани 150.000 төгрөгөө ч өгөхөө больж, бид бүр хүнд байдалд орсон. Даралт харваж нас барсан, траншейнд амьдрах болсон, бор дарсанд орсон тохиолдлууд зөндөө" гэж газраа чөлөөлж өгсөн иргэн Д ярьж байна.

Төслийн талбайд оршин сууж буй иргэд түр зөвлөл байгуулан, дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон УИХ-ын Өргөдлийн Байнгын Хороо, хотын өмнөх болон одоогийн удирдлагуудад хандсан ч нэг ч нааштай хариу өгөөгүй аж.

“Назу Проперти” компани тухайн байршилд нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийт 10 тэрбум 820 сая төгрөгийн инженерийн дэд бүтцийн ажил хийх ёстойгоос 5 тэрбум 720 сая 667 мянга 212 төгрөгийг нийслэлийн санхүүжилтээр авсан. Энэ мөнгөөр цахилгаан, бохирын хоолойны ажлуудыг хийж гүйцэтгэсэн талаар Нийслэлийн Гэр Хорооллын Хөгжлийн Газарт ажиллаж байсан албан тушаалтан ярьж байсан.

Одоогийн Орон Сууцны Дэд Бүтцийн Газрын удирдлага ч үүнийг баталж байгаа юм.

“Назу проперти” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Наранзул одоогоос гурван сарын өмнө Нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мөнгөншагайд хандаж хүсэлт гаргасан хүсэлтдээ:

“Барилгын явц 70 хувьтай байгаа. Дутуу барьсан барилгаа гүйцээж, цэвэр бохир усыг холбон, халаалтыг шинэ технологиор шийдэх хүсэлтэй. Үүний тулд нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газартай өмнө нь байгуулсан цэвэр усны шугам болон шинэ технологийн гэрээгээ сунгах шаардлагатай. Таван жилийн өмнө дулаан болон цэвэр усны шугам тавих гэрээний урьдчилгаа төлбөр 1.9 тэрбум төгрөгийг “Капитал” банкнаас баталгаа гаргуулж авсан. Өдгөө “Капитал” банк дампуурсан. Гурван шатны шүүхээс дээрхи банк төлбөр төлөх шийдвэр гаргасан. Тиймээс төлбөр төлөх асуудал нь тухайн банк эсвэл эрх хүлээн авагчтай холбоотой. Гэтэл нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газраас “Төлбөр барагдсанаар гэрээг сунгана” гэх хариу өгч байгаа нь үндэслэлгүй байна. “Капитал” банкнаас баталгаа гаргах үед манай компани өөрийн хөрөнгөө барьцаалсан. Иймд дэд бүтцийн гэрээнүүдийг сунгаж өгнө үү” гэжээ. 

“Назу Проперти” компани ийнхүү ажлаа үргэлжлүүлэх хүсэлт гаргасан ч Нийслэлийн Хот Байгуулалт, Хөгжлийн Газраас ерөнхий төлөвлөгөөг нь батлахгүй, Хөрөнгө Оруулалтын Газар гэрээг нь сунгахгүй байгаа аж.

“Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас гэрээгээ сунгачих юм бол ажлаа эхлүүлэхэд бэлэн. Хөрөнгө оруулагч олсон” гэсэн хариуг  "Назу проперти" компанийн удирдлагууд  газраа чөлөөлсөн иргэдэд хэлдэг гэнэ.

"Моннис Урбан Деволепмент" компанийн орон сууц ашиглалтанд орохоор тус компанид газраа чөлөөлж өгсөн иргэд орон сууцандаа орж, нийслэлийн түр суурьшуулах байранд айлууд оруулах боломжтой болно. Тэр үед "Назу Проперти" компанийн хохирогчдыг түр суурьшуулах байранд оруулна" гэж Нийслэлийн Орон Сууцны Дэд Бүтцийн Газрын дарга Ч.Батбилэг ярьж байна.

Ямартай ч Нийслэлийн  Орон Сууцны Дэд Бүтцийн Газрын Хяналтын хороо хуралдаж,  “Назу проперти”,  “Ажнай цэгц”, “Ди Ви Жи Эйч” зэрэг 4-5 компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах эсэх талаар хэлэлцэнэ гэж эх сурвалж хэлсэн юм.

                                                                                                                                                              П.Болор                          

"ОРОН СУУЦТАЙ БОЛНО" ГЭЖ ГАЗРАА ЧӨЛӨӨЛЖ ӨГСӨН ИРГЭД ОРОХ ОРОН Ч ҮГҮЙ БОЛООД УДАЖ БАЙНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook