"ХИЛЧИН" ХОТХОН ТӨВЛӨРСӨН ДУЛААН ХАНГАМЖИД ХОЛБОГДЛОО

2019/10/04
"ХИЛЧИН" ХОТХОН ТӨВЛӨРСӨН ДУЛААН ХАНГАМЖИД ХОЛБОГДЛОО

Шинэ хотын дэд төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн “Хилчин" хотхоныг төвлөрсөн дулаан хангамжид холболоо. 

"Хилчин" хотхон нь 2011 онд ашиглалтанд орсоноос хойш DZL маркийн 7 Мвт-ын хүчин чадалтай халаалтын зуухнаас халж байсан бөгөөд төвлөрсөн дулаан хангамжид холбогдсоноор 3500 гаруй оршин суугч, иргэдийн тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж халаалтын хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэжээ.

Тус хотхоны халаалтын зуухнуудыг бүрэн зогсоосноор түүхий нүүрсний хэрэглээг жилд 9000 гаруй тонноор бууруулж, агаарт хаягдах хорт хаягдлын хэмжээг 511 тонноор бууруулах боломж бүрдсэн байна.  

Нийслэлийн Засга Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан:

“Баянхошуу дэд төвийн төслийн хүрээнд нийт 30 км гурван хос шугам татахаас одоогийн байдлаар 15.8 км-ийг татсан. Ирэх хавар гэхэд бид бүрэн хэмжээнд дулааны шугамуудаа татаж хэрэглээнд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Шинэ хотын дэд төвийн ажил сүүлийн 30-40 жилийн хооронд Улаанбаатарт өрнөөгүй томоохон бүтээн байгуулалт юм. Баянхошуу дэд төвд  бизнес инкубаторын төв, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, мэдээлэл технологийн төв зэргийг ашиглалтанд оруулна. Мөн орон сууцны загвар төсөл хэрэгжээд эхэлж байна. Ирэх хавар бүх үйл ажиллагааг хангаж жигдрүүлнэ. УИХ-аар батлагдсан 250 сая ам.долларын санхүүжилттэй 10 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж ийнхүү бүрдлээ. Улаанбаатар хотын гэр хорооллын 200 мянган айл өрхийг орчин үеийн ая тухтай орон сууцанд оруулах хотын том бодлого явагдаж байна. Ирэх гурван жилийн дотор 30 мянган айлын орон сууц барих төлөвлөгөөтэй байна” гэлээ.

"ХИЛЧИН" ХОТХОН ТӨВЛӨРСӨН ДУЛААН ХАНГАМЖИД ХОЛБОГДЛОО  
Тэнхлэг зууч ХХК - Facebook