ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ ЦАХИМ БҮРТГЭЛД АНКЕТАА ХУДАЛ БӨГЛӨСӨН 135 ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААС ХАСЧЭЭ

2019/09/26
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ ЦАХИМ БҮРТГЭЛД АНКЕТАА ХУДАЛ БӨГЛӨСӨН 135 ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААС ХАСЧЭЭ

"Буянт -Ухаа- 2" хорооллын 972 айлын орон сууцны 30 хувийг энгийн түрээсээр, 30 хувийг таван жилийн хугацаанд түрээслээд өмчлөх хэлбэрээр үлдсэн 40 хувийг газар чөлөөлөлтөд хамрагдсан иргэдийг орон сууцжуулахад зориулахаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн Хурлаар баталсан.

Үүнтэй холбоотойгоор "Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам" батлагдсан бөгөөд уг журмын дагуу цахим бүртгэл 07 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны хооронд  явагдсан бөгөөд бүртгэлд нийт 35,058 иргэн хамрагдсан байна.

Цахим бүртгэлд хамрагдсан иргэдийг сонгон шалгаруулах буюу эрэмбэлэх ажлыг Нийслэлийн Засаг Даргын захирамжаар байгуулагдсан "Сонгон шалгаруулах комисс" зохион байгуулж,  бүртгэлд хамрагдсан иргэдийн мэдээллийг НОСК өөрийн албан ёсны цахим хуудсандаа АТГ-аас ирүүлсэн зөвлөмжийн дагуу ил тодоор байршуулсан. 

08 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд Нийслэлийн Нэгдсэн Үйлчилгээний Төвүүдээр дамжуулан эхний шатанд тэнцсэн иргэдийн цаасан материалыг хүлээн авах үйл ажиллагаа хийгдсэн юм.

Сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүн цаасаар ирүүлсэн материалыг хүлээн авч нягтлан шалгах ажлыг зохион байгуулж дууссан ба “Нийслэлийн Орон Сууцны Корпораци” ХК-иас ангилал тус бүрийн эхний шатанд тэнцсэн иргэдтэй нэг бүрчлэн уулзаж нэмэлт шаардлагатай материалуудыг хүлээн авч гэрээ байгуулахаар ажиллаж байгаа аж.

Харин шалгалтын явцад, санаатай болон санамсаргүйгээр анкетын мэдээллээ худал бөглөсөн, жишээ нь: /Ажилласан жил 34 гэсэн боловч цаасан материалаар батлагдаагүй/, /өөрийн өмчлөлийн орон сууцтай/... гэх мэт журмын шаардлага хангаагүй нийт 135 иргэнийг сонгон шалгаруулалтаас хасах шийдвэр гарсан байна.

Ангилал тус бүрт хасагдсан иргэдийн тоо:

-“Залуу гэр бүл” ангилалд: 

                                                Энгийн түрээс – 19 иргэн,

                                                Түрээслээд өмчлөх – 12 иргэн  

-“Төрийн албан хаагч” ангилалд: 

                                                 Энгийн түрээс – 25 иргэн,

                                                 Түрээслээд өмчлөх – 18 иргэн  

-“Хувийн байгууллагын ажиллагсад болон хувираа хөдөлмөр эрхлэгч” ангилалд: 

                                                 Энгийн түрээс – 16 иргэн,

                                                 Түрээслээд өмчлөх – 16 иргэн  

-“18 хүртэлхи насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл” ангилалд: 

                                                 Энгийн түрээс –  4 иргэн,

                                                 Түрээслээд өмчлөх – 3 иргэн  

-“Өрх толгойлсон эцэг, эх” ангилалд:

                                                Энгийн түрээс – 1 иргэн,

                                                Түрээслээд өмчлөх – 2 иргэн   

-“Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан” ангилалд: 

                                               Энгийн түрээс – 9 иргэн,

                                               Түрээслээд өмчлөх – 7 иргэн  

-“Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл” ангилалд: 

                                               Энгийн түрээс – 2 иргэн,

                                                Түрээслээд өмчлөх – 1 иргэн  

Тиймээс эрэмбийн дараа, өөрөөр хэлбэл тухайн ангилал бүрээс хасагдсан иргэдийн тоонд багтан жагссан  иргэд  цаасан материалаа энэ сарын 27-ны өдрийг дуустал Нийслэлийн Нэгдсэн Үйлчилгээний "Мишээл" салбарт очиж холбогдох ажилтанд хүлээлгэн өгөхийг анхааруулжээ.

                                                                                                                                                             П.Болор                  

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ ЦАХИМ БҮРТГЭЛД АНКЕТАА ХУДАЛ БӨГЛӨСӨН 135 ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТААС ХАСЧЭЭ  
Тэнхлэг зууч ХХК - Facebook