НЭХМЭЛИЙН ШАРУУДЫГ ДАХИН БАРИЛГАЖУУЛЖ БАЙГАА КОМПАНИУД ЗАМЫН АЖЛЫГ ОРХИГДУУЛСАНГҮЙ

2019/09/10
НЭХМЭЛИЙН ШАРУУДЫГ ДАХИН БАРИЛГАЖУУЛЖ БАЙГАА КОМПАНИУД ЗАМЫН АЖЛЫГ ОРХИГДУУЛСАНГҮЙ

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудын хамтаар Хан-Уул дүүрэгт байрлах Нэхмэлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 16 дугаар байруудын газар чөлөөлөлт, орон сууцжуулалтын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан.

Энэ үеэр барилгын ажлыг гүйцэтгэж буй гурван компанийг нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн орчмын 150 м авто замыг өөрсдийн хөрөнгөөр засах, холбогдох газруудыг хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллахыг үүрэг чиглэл болгосон юм. 

Хотын Захирагчийн энэ саналыг барилгын компаниуд санал нэгтэйгээр дэмжиж, замын ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар авто замын ажлын гүйцэтгэл 80 хувьтай хийгдэж байна.

Нийслэлийн Авто Замын Хөгжлийн Газрын дарга Ж.Тогтохбаяр:

“Нэхмэлийн шарын хуучин байруудыг шинэчлэн орон сууцны хороолол барих ажил ид дундаа явж байна. Үүнтэй зэрэгцэн авто замын асуудал орхигдсон байсан. Энэ жил усархаг бороо их орсны улмаас зам талбайд явган хүн явах боломж нөхцөл хэцүү боллоо гэсэн гомдол саналуудыг оршин суугчдын зүгээс удаа дараа ирүүлдэг байсан. Энэ дагуу Нийслэлийн Засаг Дарга албаны хүмүүсийн хамт ирж ажиллан, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх үүрэг чиглэл өгсөн. Одоо барилгын ажлыг гүйцэтгэж буй компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд авто замын ажлыг эхлүүлээд ажил нь 80 хувьтай явж байна” гэлээ.

Оршин суугч Ц.Ганхуяг:

“Хувийн компаниуд өөрсдийн хөрөнгөөр нийгмийн хариуцлагын хүрээнд авто замын ажлыг хийж байгаад баяртай байна. Оршин суугчдадаа хандаж хэлэхэд замын ажил хийгдэж байх энэ хугацаанд тэвчээртэй, хүлээцтэй байхыг хүсье” гэсэн юм.

НЭХМЭЛИЙН ШАРУУДЫГ ДАХИН БАРИЛГАЖУУЛЖ БАЙГАА КОМПАНИУД ЗАМЫН АЖЛЫГ ОРХИГДУУЛСАНГҮЙ  
Тэнхлэг зууч ХХК - Facebook