АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ОРОН СУУЦЫГ ДАХИН БАРИЛГАЖУУЛАХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 931 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАНД ОРЖЭЭ

2019/09/04
АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ОРОН СУУЦЫГ ДАХИН БАРИЛГАЖУУЛАХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 931 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАНД ОРЖЭЭ

Нийслэлийн Хот Байгуулалт Хөгжлийн Газраас Улаанбаатар хотын хэмжээнд байгаа ашиглалтын шаардлага хангахгүй барилга, орон сууцны талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Хот байгуулалт Хөгжлийн Газрын Барилгын чанар аюулгүй байдлын хэлтсийн дарга Ж.Мөнх-Эрдэнэ 

"Манай хэлтэс газар хөдлөлтөд тэсвэргүй барилга байгууламжид мэргэжлийн дүгнэлт гаргах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Улаанбаатар хотод 2000 оноос өмнө баригдсан нийт 1937 барилга бий. Үүний 1413 нь орон сууц, 524 нь төрийн өмчийн болон олон нийтийн барилга юм. Одоогийн байдлаар бид дээрхи барилгуудын 658-д нь газар хөдлөлтийн эрсдэлийн дүгнэлт гаргаад байна. 

Тухайлбал: Орон сууцнyуудын хувьд газар хөдлөлтөд тэсвэртэй 182, хүчитгэх шаардлагатай 192, газар хөдлөлтөд тэсвэргүй 354 барилга байгаагаас мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр 234  орон сууцны барилгыг нь ашиглахыг хориглосон.

Төрийн өмчийн болон олон нийтийн барилга байгууламжийн хувьд газар хөдлөлтөд тэсвэртэй 18, хүчитгэх шаардлагатай 8, газар хөдлөлтөд тэсвэргүй 33 барилга байгууламж байна. 

Монгол Улсад 1970 оноос л газар хөдлөлтийн норм, норматив батлагдсан. Тиймээс 1970 оноос өмнө баригдсан барилгуудад газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээ аваагүй.

Харин 2019 онд улсын төсвийн хөрөнгөөр олон нийтийн 76 барилга байгууламжид үзлэг шалгалт хийх, дүгнэлт гаргах үйл ажиллагаа явагдаж байна".

Нийслэлийн Хот Байгуулалт Хөгжлийн Газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн газар зохион байгуулагч А.Золжаргал:

"2011 онд орон сууцны тухай хуульд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны талаар оруулж өгсөн. Үүний дараа 2014 онд НИТХ-ын 90 дүгээр тогтоолоор "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулгаж, шинээр барих үйл ажиллагааны журам"-ыг баталсан байдаг.

Мөн 2015 онд хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хууль батлагдсанаар тухайн шаардлага хангахгүй барилгыг буулган дахиж шинээр барих ажил хэрэгжиж эхэлсэн.

Бид дээрхи хуулийн дагуу тухайн ашиглалтын шаардлага хангахгүй 234 орон сууцыг дахин төлөвлөх талаар оршин суугчдаас санал асуулга явуулсан. 

Үүний үр дүнд 162 барилгын оршин суугчид дахин төлөвлөх ажлыг дэмжсэн учраас Нийслэлийн Засаг Даргын захирамж гарч үйл ажиллагаа явагдаж байна. Эдгээр 162 орон сууцнаас 24 багцын 64 орон сууцны барилгад төсөл хэрэгжүүлэгч  шалгаран дахин барилгажуулах ажил хэрэгжиж эхэлсэн.

Төмөр замын хойд талын хуучин орон сууцнууд болон Нэхмэлийн шарын орон сууцнууд, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны 72 дугаар хотхон зэрэг орон сууцны барилгуудыг дахин барилгажуулах ажил явагдаж байна.

Одоогийн байдлаар нийт 27 орон сууцыг буулган 931 айлын 9 орон сууцыг шинээр ашиглалтанд оруулсан. Энэ жилдээ багтаан дахин хэд хэдэн орон сууцыг ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна.

Иргэд сонгон шалгаруулалтыг тендертэй андуураад байдаг. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгддэг ажил учраас нийслэлээс хөрөнгө гарахгүй. Шугам сүлжээний ажлын хөрөнгө л нийслэлээс гардаг. Барилгыг буулган шинээр барих болон тухайн байрны оршин суугчдыг түр орон сууцаар хангах ажлууд нь цэвэр төсөл хэрэгжүүлэгч байгууллагын хөрөнгөөр шийдэгддэг учраас тендер биш сонгон шалгаруулалтын ажил юм".

Ашиглалтыг хориглосон 234 орон сууцнаас:

-Хан-Уул дүүрэгт 42

-Баянгол дүүрэгт 52

-Баянзүрх дүүрэгт 50

-Сонгинохайрхан дүүрэгт 32

-Сүхбаатар дүүрэгт 25

-Чингэлтэй дүүрэгт 14

-Налайх дүүрэгт 21 орон сууц байна.

                                                                                                                                                             П.Болор                                                     

АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ОРОН СУУЦЫГ ДАХИН БАРИЛГАЖУУЛАХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 931 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАНД ОРЖЭЭ  
Тэнхлэг зууч ХХК - Facebook