ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙГ ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

2019/09/02
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙГ ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Энгийн түрээсийн хэлбэр буюу иргэдэд өмчлүүлэхгүйгээр зөвхөн түрээслэх хувилбарыг зохицуулахаар БХБЯ-наас журам гаргасан байдаг бол түрээсийн орон сууцыг өмчлөхтэй холбогдсон журмыг Засгийн Газраас энэ онд батлан гаргасан.

Орон сууцыг тодорхой хэмжээнд түрээсэлж байгаад өмчилж авах хүсэлтэй иргэд олон байгаа нь "Буянт-Ухаа-2" хорооллын 972 айлын орон сууцанд бүртгүүлсэн иргэдийн тооноос харагдаж байна.

Нэгэнт орон сууцыг түрээслээд өмчлөх боломж нээгдсэн учраас  хувийн  хэвшлийнхэн ч  энэ чиглэл рүү анхааран ажиллаж эхэллээ.

Чингэлтэй дүүргийн 9,10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн 1000 орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Бармон” ХХК-ийн орон сууцыг 1-5 жилийн хугацаанд түрээслээд өмчилж авах боломжтой.

Энэхүү төслийн хүрээнд 3358 өрхийн 43 блок орон сууцны барилга, 720 хүүхдийн ортой цэцэрлэг, 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгуудыг барьж ашиглалтанд оруулах юм.

Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделхан, НИТХ-ын Тэргүүлэгч  Ш.Үнэнбат нар төслийн явцтай өнөөдөр танилцлаа.

НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат:

“Иргэд урьдчилгаа төлөлгүйгээр, таван жилийн хугацаанд сар бүр сая төгрөг төлж явсаар орон сууцаа  өмчилж авах боломж бүрдэж байгаа юм. Түрээслээд өмчилж байгаа хэлбэр нь “Бармон” ХХК-ийн санхүүгээ босгож байгаа гол хэлбэр нь. Сар болгон төлбөрөө төлж чадах чадвартай иргэдэд нээлттэй” гэж ярьж байна.

Дээрхи төслөөс гадна: 

-Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд “Шинэ Үе Констракшн” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Sunny Side Apartment” төсөл урьдчилгаа 30 хувийн төлбөрөө хуримтлуулж чадсан иргэдэд 5 хүртэл жилийн хугацаатай хүүгүй түрээслүүлээд өмчлүүлэх, 

-“Оч-Үжин” ХХК-ийн 60 айлын орон сууцыг 3 хүртэл жилийн хугацаатай хүүгүй түрээслүүлээд өмчлүүлэх зэрэг төсөл хэрэгжиж байна.

"Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, иргэдийн орлого, худалдан авах чадварт нийцсэн орон сууцаар хангах бодлогыг Барилга Хот Байгуулалтын Яам баримталж байна. Түрээсийн орон сууцаа өмчлөн авах боломжийг Засгийн Газрын зүгээс бүрдүүлж өгснөөр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд түрээслээд өмчлөх орон сууцны төсөл хэрэгжүүлж эхэллээ. Энэ нь иргэдийн эрэлт, худалдан авах чадварт нийцсэн  төсөл болж чадаж байна" гэж БХБ-ын сайд Х.Баделхан онцолсон юм.

                                                                                                                                                            П.Болор                                                                                                                                                                             

ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙГ ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook