НЭГДҮГЭЭР ШАТАНД ТЭНЦСЭН ИРГЭДИЙН 20 ХҮРЭХГҮЙ ХУВЬ НЬ МАТЕРИАЛАА БҮРДҮҮЛЖ ӨГЧЭЭ

2019/08/22
НЭГДҮГЭЭР ШАТАНД ТЭНЦСЭН ИРГЭДИЙН 20 ХҮРЭХГҮЙ ХУВЬ НЬ МАТЕРИАЛАА БҮРДҮҮЛЖ ӨГЧЭЭ

"Буянт-Ухаа-2" хорооллын түрээсийн орон сууцанд хамрагдахаар  35 мянга гаруй иргэн цахимаар бүртгүүлсэн. 

Ангилал тус бүрээр, тодорхой шалгууруудаар эрэмбэлж шалгаруулалт явуулсан эхний шатанд тэнцсэн иргэд шаардлагатай материалыг ГУРАВ хоногийн дотор бүрэн бүрдүүлж өгөхөөр журамд тусгасан боловч бодит байдал дээр энэ хугацаанд амжих боломжгүй байгаа учир хугацааг ТАВ хоног болгож сунгажээ. 

Эхний  шатанд тэнцсэн иргэд өөрийнхөө бүртгүүлсэн ангилалд шаардагдах 10-аас дээш материалыг бүрдүүлж, 8-р сарын 19-нөөс 8-р сарын 23-ныг хүртэл хугацаанд нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвийн “Мишээл”, “Дүнжингарав” салбаруудад ажлын цагаар өөрийн биеэр очиж, баталгаажуулах ёстой. 

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрийн итгэмжлэгдсэн төлөөний хүнээрээ  материалаа явуулж болно.

Өнөөдрийн байдлаар эхний шатанд тэнцсэн иргэдийн 20 хүрэхгүй хувь нь л нэмэлт материалаа бүрдүүлж өгсөн байна.

Заасан хугацаанд нэмэлт материалаа бүрдүүлж өгөөгүй тохиолдолд журмын дагуу дараагийн дугаарт эрэмбэлэгдсэн иргэнийг нэгдүгээр шатанд тэнцсэнд тооцож нэмэлт материалыг нь хүлээн авна.

"Буянт-Ухаа-2" хорооллын 972 айлын орон сууцны 30 хувь буюу 291 айлын орон сууцыг энгийн түрээс хэлбэрээр, 30 хувь буюу 291 айлын орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд түрээслүүлэхээр хуваарилсан тул нийт  582 иргэн "Буянт-Ухаа-2" хорооллын түрээсийн орон сууцанд орох юм.

                                                                                                                                                                 П.Болор                                                                                                                                  

НЭГДҮГЭЭР ШАТАНД ТЭНЦСЭН ИРГЭДИЙН 20 ХҮРЭХГҮЙ ХУВЬ НЬ МАТЕРИАЛАА БҮРДҮҮЛЖ ӨГЧЭЭ  
Тэнхлэг зууч ХХК - Facebook