НИЙСЛЭЛИЙН ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДИЙГ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ ЖУРАМ"-ЫГ БАТАЛЛАА

2019/07/04
НИЙСЛЭЛИЙН ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДИЙГ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ ЖУРАМ"-ЫГ БАТАЛЛАА

Нийслэлийн орон сууцны мэдээллийн сан бүрдүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар “Түрээсийн орон сууцны хөтөлбөр”-тэй холбоотой хоёр журам, нэг тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

"Нийслэлийн орон сууцны мэдээллийн сангийн журам" батлах тухай асуудлыг хурлын эхэнд хэлэлцсэн юм.

Энэхүү журамд нийслэлийн түрээсийн орон сууцны мэдээллийн сан бүрдүүлэх, иргэдийг хямд төлбөртэй түрээсийн орон сууцаар хангах, түрээсийн олон талт хэлбэрийг хөгжүүлэх, түрээслүүлээд өмчлүүлэхтэй холбоотой харилцааг хэрхэн зохицуулах талаар дэлгэрэнгүй тусгажээ.

Нийслэлийн Орон Сууцны Мэдээллийн Сан байгуулж түүгээр иргэн, хуулийн этгээдийн зүгээс орон сууц худалдан авах, түрээслэх хүсэлтээ илгээн захиалах бүрэн боломжтой байхаар тусгасан байна. 

Түүнчлэн орон сууцаа худалдах, түрээслэх төсөл хэрэгжүүлэгч, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд мэдээллээ байршуулах боломжтой.

Ийнхүү хоёр талын мэдээллийг Орон сууцны мэдээллийн сангаар дамжуулан бүртгэлжүүлж, цахим хэлбэрт шилжүүлснээр нийслэлийн есөн дүүрэгт төвлөрөөд байгаа түрээсийн орон сууцанд хамрагдахтай холбоотой өргөдлүүдийг нэгдсэн системд бүртгэх боломж бүрдэнэ.

Иргэдийн цаг зав, зардлыг хэмнэх,  түргэн шуурхай, бодит мэдээллээр хангах давуу талтай болохыг танилцуулгын үеэр дурдаж байлаа. 

Нийслэлийн орон сууцны мэдээллийн санд иргэн, хуулийн этгээдийн зүгээс  nosk.ub.gov.mn цахим хуудас болон гар утасны NOSK апплекейшнээр хандан, мэдээлэл түгээх, хүлээн авах боломж бүрдэж байна.

Тусгай эрхээр нэвтэрч мэдээлэл байршуулах үүрэгтэй албан тушаалтнууд худал мэдээлэл байршуулах болон бусад хэлбэрээр хариуцлага алдсан тохиолдолд хариуцлагын тогтолцоог хэрхэн тусгаж байгаа талаар гишүүдийн зүгээс тодруулж байлаа.

Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам баталлаа.

Тэргүүлэгчдийн хурлаар "Түрээсийн орон сууцанд хамруулах журам" батлах  тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 

Энэхүү журамд тусгаснаар түрээсийн орон сууцанд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гачигдалтай иргэн, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, өрх толгойлсон эцэг, эх, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдийг хамруулна.

Түрээсийн орон сууцны м.кв-ын үнийг сарын 6000 төгрөгөөр тооцож, 3 хүртэлхи жилээр түрээслүүлэхээр тусгасан байна. Харин түрээслээд өмчлөх иргэдийн хувьд нийт 5 хүртэлхи жилийн хугацаанд түрээслээд өмчлөх боломжтойгоор тусгаж өгчээ.

Иргэдийн зүгээс түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ Нийслэлийн Орон Сууцны Корпораци ХК-ийн цахим мэдээллийн санд хүсэлтийн хамт ирүүлэх бөгөөд үүндээ иргэний үнэмлэхийн хуулбар, гэр бүлийн гишүүний хамт ТҮЦ машины тодорхойлолт, орлого тодорхойлох баримт бичиг зэргийг хавсаргах юм.

Орлого тодорхойлох баримтад нийгмийн даатгалын болон тэтгэвэр тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн орлого нотлох баримт зэргийг оруулна.

Мөн өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай, эсвэл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, залуу гэр бол гэрлэлтийн лавлагаа, ахмад настан бол тэтгэврийн дэвтрийн хуулбар, гачигдалтай иргэн бол гамшгаас хамгаалах төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, акт, тухайн дүүргийн тодорхойлолт зэргийг мөн бүрдүүлнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд халамжийн дэвтэр, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон акт бүрдүүлэх бол өрх толгойлсон эцэг, эх өрх толгойлсон болохыг нотлох баримт бүрдүүлэхээр тусгажээ. 

18 хүртэлхи насны 4 ба түүнээс дээш насны хүүхэдтэй гэр бүлийн тухайд хүүхдүүдийн гэрчилгээ холбогдох баримт бичгийг бүрдүүлнэ.

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн иргэдийн сонгон шалгаруулалтыг явуулахдаа Нийслэлийн Засаг Даргын захирамжаар сонгон шалгаруулах комисс байгуулах бөгөөд тус комисс нь сугалаа болон эрэмбэлэх хэлбэрээр шаардлага хангасан иргэдийг сонгон шалгаруулахаар тусгажээ.

Сонгон шалгаруулах комиссын шийдвэрийг үндэслэн орон сууц  түрээслэх эрх нь баталгаажсан иргэдэд НОСК-аас түрээсийн батламж олгоно.

Батламж авах эрхтэй болсон иргэн эхний сарын түрээсийн төлбөр, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, элэгдлийн санг тооцсон гурван сарын түрээсийн зардалтай тэнцэх хэмжээний барьцаа төлбөр төлснөөр төлбөр төлж иргэн, НОСК харилцан түрээсийн гэрээ байгуулснаар эрх нь баталгаажих юм.

Түрээсийн орон сууцыг олгохдоо тодорхой хуваарилалтын дагуу олгох бөгөөд залуу гэр бүлд 20 хувь, төрийн албан хаагчдад 25 хувь, хувийн байгууллагын ажилтнуудад 20 хувь, 18 хүртэлхи 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд 5 хувь, өор толгойлсон эцэг эхэд 5 хувь, өндөр настан тэтгэвэр тогтоолгосон ахмадуудад 5 хувь, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлд 50 хувь, гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд 5 хувийг олгохоор квот тогтоож байна.

 Ийнхүү "Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам"-ыг батлан гаргалаа.

972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тогтоолын төслийг баталлаа

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын 972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тогтоолын төслийг баталлаа. 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын 972 айлын орон сууцыг нийслэлийн өмчид шилжүүлж, 30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд,  30 хувийг түрээслээд өмчлөх иргэдэд, 40 хувийг газар чөлөөлөлтөд зориулан зохион байгуулах саналыг Нийслэлийн Орон Сууцны Корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар танилцуулсан юм.

НИТХ-ын тэргүүлэгч Д.Бадарсан:

“972 айлын орон сууцны 15 хувийг ахмадуудад өгнө гэхээр 43 ахмад л орох нь. Гэтэл маш олон ахмад хүсэлтээ өгчихсөн байгаа. Тэр олон ахмадуудынхаа асуудлыг яах вэ. Газар чөлөөлөлтөд 40 хувийг зориулах нь хэр зэрэг ач холбогдолтой вэ” гэсэн асуудлыг тавьсан.

НОСК-ийн захирал Б.Сүхбаатар:

“Газар чөлөөлөлтөд зориулан тус орон сууцны 40 хувийг нь олгохоор тусгасан. Ингэснээр дараагийн орон сууц барьж ашиглалтанд оруулах боломж бүрдэнэ гэж тооцсон” хэмээн хариулсан юм.             

                                                                                                                                                             П.Болор

                                                                                                                                                                                           

НИЙСЛЭЛИЙН ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДИЙГ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦАНД ХАМРУУЛАХ ЖУРАМ"-ЫГ БАТАЛЛАА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook