ИРГЭДЭЭ ХЭРХЭН ОРОН СУУЦЖУУЛСАН БЭ?

2019/07/01
ИРГЭДЭЭ ХЭРХЭН ОРОН СУУЦЖУУЛСАН БЭ?

Манай улсад орон сууц хэрэгцээтэй өрхийн тоо олон ч, бодит худалдан авалтаар баталгаажсан эрэлт маш цөөхөн. 

Ипотекийн зээлээр орон сууц худалдан авах боломжтой иргэдийн дийлэнхи нь энэ хөтөлбөрт хамрагдаад байна. 

Урьдчилгаа төлбөрийн хуримтлалтай иргэдийн тоо цөөхөн байгаа ийм нөхцөлд төрийн зүгээс тодорхой дэмжлэг, хөнгөлөлт хэрэгтэй гэсэн үг.

Манай улсын хувьд "Түрээсийн орон сууцны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхээр эхлүүлж, улмаар түрээслээд өмчлөх боломжийг иргэддээ нээж өгсөн ч, "Буянт-Ухаа-2" хороололд ашиглалтанд орж буй 972 айлын орон сууцны 30 хувийг өмчлүүлэх нөхцөл хатуу байна гэж иргэд шүүмжилж байна.

Уг нь орон сууцыг түрээслээд өмчлөх иргэн:

-Түрээслэн амьдрах 5 жилийн хугацаандаа сар бүр түрээсийн төлбөр төлөхөөс гадна тухайн орон сууцны урьдчилгаа 30 хувийг бүрдүүлж ипотекийн зээлд хамрагдан өөрийн өмчлөлд авах,

-Түрээслэн амьдрах 5 жилийн хугацаандаа сар бүр түрээсийн төлбөрийг төлөхөөс гадна тухайн орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулан өөрийн өмчлөлд авах гэсэн 2 хувилбарын нэгийг сонгож болно гэж Засгийн Газраас энэ онд баталсан "Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх тухай журам"-д заасан.

Түүнчлэн сар бүр төлж буй түрээсийн мөнгөний 30 хувь түрээсийн төлбөрт, 70 хувь нь байрны үнэ бүрдүүлэх тусгай дансанд орж явахаар уг журамд тусгасан байдаг.

"Буянт-Ухаа-2" хорооллын 972 айлын орон сууц нь санхүүжилтгүйн улмаас сүүлийн жилүүдэд зогсонги байдалд орж өнгөрсөн онд Хөгжлийн Банкнаас зээл авч барилгын ажлыг дуусгаж байгаа бөгөөд Нийслэл уг зээлийг 5 жилийн хугацаанд хүүтэйгээр төлж барагдуулах үүрэг хүлээсэн учраас үүнийг дагаад түрээслээд өмчлөх иргэдэд хатуу шаардлага тавигдаж байна гэсэн үг.

Түрээсийн орон сууцыг өмчлөх хоёр хувилбарын нэг болох түрээслэх 5 жилдээ урьдчилгаагаа бүрдүүлж, ипотекийн зээлд хамрагдах нөхцөлийг иргэд ихээхэн сонирхож байсан боловч энэ удаа Нийслэл ийнхүү богино хугацаатай хүүтэй зээлийг Хөгжлийн Банкинд төлөх болсон учраас хэрэгжихгүй нь...

Цаашид баригдах түрээсийн орон сууцнуудыг зөвхөн түрээслүүлэхээс гадна: 

-Түрээслэн амьдрах 5 жилийн хугацаандаа сар бүр түрээсийн төлбөр төлөхөөс гадна тухайн орон сууцны урьдчилгаа 30 хувийг бүрдүүлж ипотекийн зээлд хамрагдан орон сууцыг өөрийн өмчлөлд авах,

-Түрээслэн амьдрах 5 жилийн хугацаандаа сар бүр түрээсийн төлбөрийг төлөхөөс гадна тухайн орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулан өөрийн өмчлөлд авах гэсэн 2 хувилбараар иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Гадны орнууд иргэдээ орон сууцжуулахад хэрхэн анхаардаг вэ? Өмнөх дугаараараа Сингапур улсын туршлагыг хүргэсэн бол энэ удаа Канадын жишээг сонирхуулъя.

-Канадад, өмнө нь орон сууц огт авч байгаагүй, эсвэл сүүлийн 5 жил байр эзэмшээгүй хүн хөнгөлөлттэй зээлээр орон сууц авахдаа үнийн дүнгийн 5 хувийг урьдчилгаа болгож төлдөг. Харин бусад хүмүүс 25 хувийг төлдөг байна.

-Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хүү жилийн 6,5 хувь, хугацаа 25 жил. Тухайн иргэн сургууль төгссөн, нэг жил ажилласан байхад л орон сууцны зээлд хамрагдах боломжтой аж. Орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжээд 60 гаруй жил болоход Канадын гурван иргэн тутмын нэг нь хөнгөлөлттэй зээлд хамрагджээ.

-Канадын хууль тогтоомжийн дагуу иргэдийг байр худалдаж авахад нь зориулж тусгай хөтөлбөрийн хүрээнд татварын хөнгөлөлт үзүүлдэг байна.

-Орон сууц худалдаж авах юм уу бариулахыг хүссэн иргэн тэтгэврийнхээ данснаас 25.000 хүртэл долларыг ашиглах эрхтэй. Ингэхдээ тухайн иргэн орон сууцаа өөрөөсөө гадна хөдөлмөрийн чадваргүй ойр дотныхоо хүнд зориулан худалдан авах юм уу бариулж болдог байна.

Тэтгэврийн сангаас авсан мөнгөө 15 жилийн дотор эргүүлэн төлөх ёстой. Хэрвээ иргэн тухайн жилдээ тодорхой мөнгийг буцаан төлөөгүй бол түүнд нь орлогын албан татвар ногдуулдаг байна. Канадын Үл Хөдлөх Хөрөнгийн Холбооноос хийсэн судалгаагаар 1992-2008 оны хооронд 2 сая гаруй иргэн дээрхи боломжийг ашиглажээ.

-2009 оны нэгдүгээр сараас хойш байр авсан хүмүүст 750 долларын татварын хөнгөлөлт үзүүлжээ.

-Эдгээр хөнгөлөлтүүдээс гадна Канадын Засгийн Газар 2008 оноос орон гэргүй, нэн ядуу хүмүүст зориулсан 1,9 тэрбум долларын хөрөнгө оруулалттай орон сууцны хөтөлбөрийг эхлүүлсэн байна.

                                                                                                                                                             П.Болор                                                                                                                                                                                                    

ИРГЭДЭЭ ХЭРХЭН ОРОН СУУЦЖУУЛСАН БЭ?  
Тэнхлэг зууч ХХК - Facebook