ЗӨВХӨН ТҮРЭЭСЛЭХ, ТҮРЭЭСЛЭХ 5 ЖИЛИЙН ХУГАЦААНДАА БАЙРНЫ ТӨЛБӨРИЙГ ТӨЛЖ БАРАГДУУЛАН ӨМЧЛӨХ ХУВИЛБАР ХЭРЭГЖИНЭ

2019/06/28
ЗӨВХӨН ТҮРЭЭСЛЭХ, ТҮРЭЭСЛЭХ 5 ЖИЛИЙН ХУГАЦААНДАА БАЙРНЫ ТӨЛБӨРИЙГ ТӨЛЖ БАРАГДУУЛАН ӨМЧЛӨХ ХУВИЛБАР ХЭРЭГЖИНЭ

“Буянт-Ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцыг нийслэлд шилжүүлж байгаатай холбогдуулан энэхүү орон сууцны:

-30 хувийг зорилтот бүлгийн иргэдэд зөвхөн түрээсийн орон сууц хэлбэрээр, 

-30 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, 

-40 хувийг дараагийн түрээсийн орон сууцыг барих газар чөлөөлтөд хамрагдах иргэдийг оруулахад зориулахаар болсон.

Түрээсийн орон сууцтай холбоотой хоёр ч журам өмнө нь гарсан байдаг. Энгийн түрээсийн хэлбэр буюу иргэдэд өмчлүүлэхгүйгээр зөвхөн түрээслэх хувилбарыг зохицуулахаар БХБЯ-наас журам гаргасан байдаг бол түрээсийн орон сууцыг өмчлөхтэй холбогдсон журмыг Засгийн Газраас энэ онд батлан гаргасан юм.

Энэ хоёр журамтай уялдсан журмын төслийг НОСК-ийн зүгээс боловсруулж Нийслэлийн Засаг Даргад өргөн бариад байна. 

Ирэх сарын эхээр журам батлагдаж, улмаар ХЗДХЯ-аар хянагдана.

7-р сарын 22-ноос эхэлж 7 хоногийн хугацаанд  www.ulaanbaatar.mn, http://nosk.ub.gov.mn/ цахим хаягаар бүртгэлийг явуулах юм. 

Бүртгүүлэх иргэн Улаанбаатар хотын харьяат байх шаардлага хамгийн нэгдүгээрт тавигдана. 

Энгийн түрээс буюу зөвхөн түрээслэн амьдрах хэлбэрээр амьдрах хүсэлтэй иргэдийг БХБЯ-наас гаргасан журмын дагуу өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эцэг эх, төрийн албан хаагч, залуу гэр бүл, хувийн байгууллагад ажиллагсад болон хувиараа бизнес эрхлэгч гэсэн найман төрөлд ангилж, тухайн бүртгэл явуулж байгаа сайтын найман цонхонд тус тусад нь бүртгэнэ.

Түрээслээд өмчлөх хүсэлтэй иргэдийг мөн тусдаа цонхонд бүртгэнэ. Энэ бүх цонхондоо тус тусад нь  шалгаруулалтаа хийх учиртай. 

Бүртгүүлсэн иргэдийн дунд сугалаа явуулах, сонгон шалгаруулах гэсэн хоёр хувилбарын аль нэгийг нь сонгож шалгаруулалт явуулахаар яригдаж байна.

Сугалаагаар биш сонгон шалгаруулалтаар иргэдийг шалгаруулах тохиолдолд: 

-Ахмад настныг гэхэд насаар нь эрэмбэлнэ. Нас нь чацуу бол cap, өдрөөр нь. Цаашлаад улсад ажилласан жил, төрөөс авсан гавьяа шагнал зэргийг нь харна.

-Өрх толгойлсон ээж бол хамгийн олон хүүхэдтэй байдлаар нь жагсаана. Хүүхдийн тоо тэнцүү бол нас, нийгмийн даатгал төлсөн байдал, гэр хорооллын бүсчлэлийг нь харна.

Орон сууцыг түрээсэлж байх хугацаандаа урьдчилгаа 30 хувиа бүрдүүлж үлдэгдэл төлбөр дээрээ ипотекийн зээлд хамрагдах боломжтой талаар Засгийн Газраас баталсан "Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх тухай журам"-д заасан байдаг ч  энэ удаа хэрэгжихгүй юм байна.

Учир нь "Буянт-Ухаа-2" хорооллын 972 айлын орон сууцыг барихад зарцуулсан Хөгжлийн Банкны санхүүжилтийг нийслэл богино хугацаанд эргүүлж төлөх ёстой учраас урт хугацаанд үр дүнгээ өгөх ипотекийн зээлийн хувилбарыг сонгох боломжгүй, иргэн 5 жилийн хугацаанд уг байрны төлбөрийг төлж барагдуулах хувилбар хэрэгжих юм. 

Өөрөөр хэлбэл, түрээслэх 5 жилдээ урьдчилгаагаа бүрдүүлж ипотекийн зээлд хамрагдах хувилбар энэ удаад хэрэгжихгүй, зөвхөн 5 жилдээ байрны үнийг 100 хувь барагдуулж өөрийн өмчлөлд авах хувилбар хэрэгжинэ. 

Мөн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эцэг эх, төрийн албан хаагч, залуу гэр бүл, хувийн байгууллагад ажиллагсад болон хувиараа бизнес эрхлэгч гэсэн найман ангиллын зорилтот бүлгийн иргэд уг орон сууцыг өөрийн өмчлөлд авах нөхцөлөөр биш зөвхөн түрээслэн амьдрах хувилбар хэрэгжинэ гэдгийг анхаараарай.

Хэрэв иргэн 60 сая төгрөгийн байрыг түрээслээд өмчлөх байдлаар гэрээ хийвэл  сард нэг сая төгрөгийг таван жилийн хугацаанд төлөх боломжтой байх шаардлагатайг урьдчилан тооцох хэрэгтэй.

972 айлын орон сууцны 40 хувийг дараагийн түрээсийн орон сууц баригдах газрыг чөлөөлж буй айл өрхүүдэд зориулах бөгөөд ингэхдээ нийслэлд баригдах 6 дэд төвийг түшиглэхээр төлөвлөсөн байна.

Өөрөөр хэлбэл дэд төвүүд баригдах газруудаас нэг хэсэг айлын газар чөлөөлж оршин суугчдыг дээрхи орон сууцны 40 хувьд оруулаад  газар дээр нь дараагийн түрээсийн орон сууцыг барина гэсэн үг. 

Цахим бүртгэл эхлэх 7-р сарын 22-ноос өмнө бүртгэлтэй холбоотой нарийн мэдээллийг иргэдэд хүргэнэ. 

"Буянт-Ухаа-2" хороолол нь нэг өрөө байр байхгүй. 39.3, 49, 64 м.кв талбайтай хоёр өрөө, дөрвөн өрөө байруудтай юм.

                                                                                                                                                             П.Болор                                                                                                            

ЗӨВХӨН ТҮРЭЭСЛЭХ, ТҮРЭЭСЛЭХ 5 ЖИЛИЙН ХУГАЦААНДАА БАЙРНЫ ТӨЛБӨРИЙГ ТӨЛЖ БАРАГДУУЛАН ӨМЧЛӨХ ХУВИЛБАР ХЭРЭГЖИНЭ  
Тэнхлэг зууч ХХК - Facebook