"МОННИС УРБАН ДЕВЕЛОПМЕНТ", "ЗУРГААН ТАЛТ", "ЦАГААН ХУАРАН" КОМПАНИУД ЭНЭ ОНД 1000 ГАРУЙ АЙЛЫГ ОРОН СУУЦАНД ОРУУЛНА

2019/06/28
"МОННИС УРБАН ДЕВЕЛОПМЕНТ", "ЗУРГААН ТАЛТ", "ЦАГААН ХУАРАН" КОМПАНИУД ЭНЭ ОНД 1000 ГАРУЙ АЙЛЫГ ОРОН СУУЦАНД ОРУУЛНА

Нийслэлийн Орон Сууцны Дэд Бүтцийн Газрын дарга Ч.Батбилэг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудын барилгын ажлын явцтай танилцлаа.

"Моннис Урбан Деволопмент" ХХК нь БЗД-ийн 13,14 хорооны нутаг дэвсгэр, орон сууцны XIV хорооллын Б хэсэгчилсэн талбайд нийт 11,3 га барилгажих талбай 165 нэгж талбарт 2304 айлын 14 блок орон сууцны барилга, 300 хүүхдийн цэцэрлэг барихаар ажиллаж байна.

Тус компанийн орон сууцны барилгын гүйцэтгэлийн явц 95 хувьтай, гадна болон дотор заслын ажлаа хийж дууссан барилгын цэвэрлэгээндээ орсон, лифт ашиглалтанд ороход бэлэн болсон байдалтай байлаа. 

"Моннис Урбан Деволопмент" ХХК -ийн Гүйцэтгэх захирал Б.Урантулга: 

“Манай компани Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 110 айлын газрыг чөлөөлж, барилгын ажлаа эхлүүлсэн. Эхний ээлжийн 168 айлын орон сууцыг энэ 7-р сардаа багтаагаад ашиглалтанд өгөх гэж байна. Дараагийн 168 айлын орон сууцыг оны өмнө буюу 4 дүгээр улиралд ашиглалтанд оруулна”.

Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр, Ахмадын хотхоны орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч "Зургаан талт" ХХК 73 нэгж талбарт 1599 айлын 21 блок орон сууцын барилга барих юм. 

"Зургаан талт" компанийн захиалагчийн инженер Д.Батсайхан: 

"Эхний ээлжийн 5 блок 470 айлын орон сууцыг ашиглалтанд оруулж, газар чөлөөлсөн 150 айлд 170-аад орон сууц өгсөн. Энэ оны 8-р сард 180 айлын 12 давхар орон сууц, энэ оны сүүлчээр дахиад 180 айлын орон сууцыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Мөн 5 давхар үйлчилгээний төвийн барилгыг ашиглалтанд оруулна”.

"Цагаан Хуаран" компанийн орон сууцны барилгын ажил дууссан, айлууд нүүж ороход бэлэн байдалтай байлаа. Тус компани 72 нэгж талбарт 1584 айлын 15 блок орон сууц, 250 хүүхдийн цэцэрлэг барих төлөвлөгөөтэй. 864 айлын 6 блок орон сууцыг ашиглалтанд оруулсан бөгөөд дараагийн ээлжийн 5 блок 528 айлын орон сууц ашиглалтанд ороход бэлэн болжээ.

Нийслэлийн Орон Сууцны Дэд Бүтцийн Газрын дарга Ч.Батбилэг: 

“Танай компаниудын барилгын гадна цахилгаан хангамжийн шугам сүлжээний хөрөнгө оруулалтын асуудал шийдвэрлэгдсэн. "Цагаан Хуаран" компанид 3,1 тэрбум, "Моннис Урбан Девелопмент" компанид 1,5 тэрбум, "Зургаан талт" компанид 2,5 тэрбум төгрөг шийдэгдсэн. Нийслэлийн Засаг Даргын захирамж энэ долоо хоногт гарч байгаа, худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн дагуу тендер зарлагдаад явна. Тиймээс барилгын ажлаа эрчимжүүлж ажиллаарай”.

Дээрхи гурван компани Нарантуул зах орчим буюу Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны гэр хорооллын 1000 гаруй айлыг энэ ондоо шинэ орон сууцанд оруулахаар ийнхүү ажиллаж байна.

                                                                                                                                                        П.Болор                   

"МОННИС УРБАН ДЕВЕЛОПМЕНТ", "ЗУРГААН ТАЛТ", "ЦАГААН ХУАРАН" КОМПАНИУД ЭНЭ ОНД 1000 ГАРУЙ АЙЛЫГ ОРОН СУУЦАНД ОРУУЛНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook