ОРОН СУУЦ ТҮРЭЭСЭЛЖ БАЙГААД ӨМЧЛӨХ ТОХИОЛДОЛД ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨР УРЬДЧИЛГААНД ТООЦОГДОХ УУ?

2019/06/20
ОРОН СУУЦ ТҮРЭЭСЭЛЖ БАЙГААД ӨМЧЛӨХ ТОХИОЛДОЛД ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨР УРЬДЧИЛГААНД ТООЦОГДОХ УУ?

"Түрээсийн орон сууцны сан"-д энэ жил 1542 айлын орон сууц нэмэгдсэнээр уг сан 3000 орчим айлын орон сууцтай болж байгаа юм. 

Өмнө нь иргэд түрээсийн орон сууцыг 5 жилийн хугацаагаар түрээсэлж амьдардаг байсан бол одоо түрээсэлж байгаад өмчилж авах боломжтой болсон.

Орон сууц түрээсэлж байгаад өмчилж авахдаа:

-5 жилээр түрээсэлж амьдрах хугацаандаа сар бүр түрээсийн төлбөрөө төлөхөөс гадна урьдчилгаа төлбөр 30 хувиа бүрдүүлэн үлдэгдэл 70 хувь дээрээ ипотекийн зээлд хамрагдах,

-5 жилээр түрээсэлж амьдрах хугацаандаа сар бүрийн түрээсийн төлбөрөөс гадна уг байрны нийт төлбөрийг тэнцүү хувааж төлөх гэсэн хоёр хувилбараас нэгийг сонгож болно.

Түрээсийн төлбөр Улаанбаатар хотод м.кв нь 6000 төгрөг, орон нутагт 4500 төгрөг байхаар журамд тусгасан байдаг бөгөөд одоо ч мөрдөгдөж байгаа. 

Тэгвэл түрээслээд өмчлөх хүсэлт гаргаж, гэрээ хийсэн тохиолдолд түрээсийн төлбөрийг 70 хувь бууруулахаар Засгийн Газрын 2019 оны 4-р сарын 10-ны өдрийн хуралдаанаар баталсан "Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх тухай журам"-д заасан. 

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод төрийн түрээсийн орон сууцанд 50 м.кв талбайтай байр түрээслэн амьдарч буй иргэн одоогийн байдлаар 300.000 төгрөг түрээсийн төлбөрт төлж байгаа. Тэгвэл түрээсэлж байгаад өмчлөх гэрээ хийсэн тохиолдолд тухайн иргэний түрээсэнд төлж байсан 300.000 төгрөгийн 30 хувь болох 90.000 төгрөг нь түрээсийн төлбөртөө, 70 хувь буюу 210.000 төгрөг нь урьдчилгаа бүрдүүлэх хуримтлалдаа орж явах юм.

Иргэдийн түрээсэнд төлж байгаа мөнгө нь "Түрээсийн орон сууц"-ны санд төвлөрнө.

"Түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах тухай журам"-д өөрчлөлт оруулах, НИТХ-аар хэлэлцэн батлах зэрэг асуудал ойрын үед шийдэгдвэл ирэх сарын эхээр  бүртгэх боломжтой талаар албаныхан ярьж байна.

Түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах, ЦАХИМААР бүртгэх ажлыг НОСК хариуцан ажиллана.

Цахим бүртгэл эхлэхээс өмнө  олон нийтэд тодорхой, дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх учраас иргэд төрийн байгууллагын хаалга үүд сахиж цаг заваа алдах хэрэггүй. 

Түүнчлэн "Түрээсийн орон сууцанд бүртгүүлж өгнө" гэх залилангийн гэмт хэргийн хохирогч болохгүй байх тал дээр анхаараарай.

                                                                                                                                                              П.Болор                                   

ОРОН СУУЦ ТҮРЭЭСЭЛЖ БАЙГААД ӨМЧЛӨХ ТОХИОЛДОЛД ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨР УРЬДЧИЛГААНД ТООЦОГДОХ УУ?  
Тэнхлэг зууч ХХК - Facebook