ОРОН СУУЦАА ТҮРЭЭСЭЛЖ БАЙГААД ӨМЧЛӨХ ГЭРЭЭ ХИЙСЭН ТОХИОЛДОЛД ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРИЙГ БАГАСГАХ БОЛОМЖ БИЙ ЮУ?

2019/06/18
ОРОН СУУЦАА ТҮРЭЭСЭЛЖ БАЙГААД ӨМЧЛӨХ ГЭРЭЭ ХИЙСЭН ТОХИОЛДОЛД ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРИЙГ БАГАСГАХ БОЛОМЖ БИЙ ЮУ?

Орон сууцаа түрээсэлж байх хугацаандаа урьдчилгаа 30 хувиа бүрдүүлж ипотекийн зээлд хамрагдах юм уу эсвэл  тухайн байрны нийт үнийг тодорхой хугацаанд тэнцүү хувааж төлсөөр  худалдаж авдаг хувилбарыг хэрэгжүүлэх талаар 2015 оноос эхэлж тухайн үеийн Засгийн Газар, салбарын яам, холбогдох байгууллагууд судалсны дүнд ийм бололцоо нээгдлээ. 

Одоогийн байдлаар "Буянт-Ухаа-2" хороолол болон зарим аймгуудад төрийн санхүүжилтээр баригдсан орон сууцнуудыг иргэд түрээсэлж байгаад өмчилж авах боломжтой. 

Цаашдаа түрээсийн зориулалтаар  Баянголын аманд баригдах орон сууцнууд, Солонго-1, 2 хороолол, мөн НОСК-ийн зүгээс хэрэгжүүлж буй төслүүд /Ханын Материалын Комбинат орчмын 1002 айлын орон сууцны хороолол г.м/ баригдаж, түрээсийн орон сууцны нийлүүлэлт нэмэгдэх юм.

Орон сууцаа түрээсэлж байгаад өмчилж авах хувилбарыг хэрэгжүүлэх нь тогтмол орлоготой хэдий ч урьдчилгаа төлбөрийн хуримтлал үүсгэж амжаагүй өрхүүдэд таатай нөхцөл гэдэг нь "Буянт-Ухаа-2" хороололд орон сууц түрээслэх хүсэлтэй иргэд холбогдох газруудад олноороо хандаж байгаагаас харагдаж байна. 

Түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах тухай журам 2017 онд шинэчлэн батлагдсан  хэдий ч хэт өндөр шалгууртай учраас зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй байна гэсэн гомдол гарсаар ирсэн. 

Түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах тухай журамд заасан хэт өндөр шалгуурыг багасгах, орон сууцаа түрээсэлж байгаад өмчилж авахаар гэрээ хийх иргэдэд м.кв-ын түрээсийн төлбөр болох 6000 төгрөгийг бууруулж уян хатан хандах, 972 айлын орон сууцны тодорхой хувийг гэр хорооллын дахин төлөвлөлт, хуучин орон сууцны дахин төлөвлөлтөд зориулан ашиглах зэргээр олон талаас нь харж журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа юм.

Журамд өөрчлөлт оруулах, НИТХ-аар хэлэлцэн батлах зэрэг асуудал ойрын үед шийдэгдвэл ирэх сарын эхээр  бүртгэх боломжтой талаар албаныхан ярьж байна.

Түрээсийн орон сууцанд иргэдийг хамруулах, ЦАХИМААР бүртгэх ажлыг НОСК хариуцан ажиллана.

Цахим бүртгэл эхлэхээс өмнө  олон нийтэд тодорхой, дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх учраас иргэд төрийн байгууллагын хаалга үүд сахиж цаг заваа алдах хэрэггүй. 

Түүнчлэн "Түрээсийн орон сууцанд бүртгүүлж өгнө" гэх залилангийн гэмт хэргийн хохирогч болохгүй байх тал дээр анхаараарай.

Гадны орнууд бага дунд орлоготой иргэдээ орон сууцжуулах, түрээсийн орон сууцаар хангах чиглэлээр хэрхэн ажилладаг талаар сонирхуулъя.

-Америкт орлогын түвшнээс үл хамааран иргэдийг стандартын шаардлагад нийцсэн орон сууцанд амьдрах нөхцөл бүрдүүлэхийг бодлого тодорхойлогчид нь зорьдог байна. Мөн тус улсад орон сууцны ваучерийн хөтөлбөр хэрэгждэг. 

Өрхийн орлогын 30 хувийг орон сууцанд төлж, үлдсэнийг нь тухайн орон нутгийн орон сууцны асуудал хариуцсан байгууллагаар дамжуулан тодорхой нөхцөл хангасан иргэдэд дэмжлэг үзүүлэх байдлаар шийддэг байна.

-Манай ТОСК-тай ижил төстэй үүрэг хүлээсэн Сингапурын Орон Сууцны Хөгжлийн Зөвлөл нь нийтийн орон сууц бариулахаас гадна хуучин орон сууцны барилгыг шинэчлэх, засварлах, үнэ цэнийг алдагдуулахгүй байх, орон сууцыг дангаар бус шинэ хотхон байдлаар төлөвлөх гэх зэргээр орон сууцны асуудлыг цогцоор төлөвлөдөг байна. Мөн нийгмийн олон асуудлыг орон сууцны бодлогоор дамжуулан шийдвэрлэхэд анхаардаг ажээ.

-Сингапур улсын хувьд, зөвхөн түрээслүүлэхээр төлөвлөж олон тооны орон сууц барьсан ч түрээслэгчид байраа хайр гамгүй хэрэглэж байгаа нь ажиглагдсан байна. Ингээд иргэддээ зарж, хувийн өмч болгосноор орон сууцнуудын ашиглалтын нөхцөл байдал сайжирсан талаар яригддаг.

Тус улсын хувьд ажилтай иргэн бүр өөрийн хуримтлалын сантай, түүнийгээ орон сууцанд зориулан ашиглах боломжтой. Ажилтан, ажил олгогчдын татварыг Төв хуримтлалын сан нь цуглуулдаг байна.

                                                                                                                                                             П.Болор

                                                                                                                                                                          

ОРОН СУУЦАА ТҮРЭЭСЭЛЖ БАЙГААД ӨМЧЛӨХ ГЭРЭЭ ХИЙСЭН ТОХИОЛДОЛД ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРИЙГ БАГАСГАХ БОЛОМЖ БИЙ ЮУ?  
Тэнхлэг зууч ХХК - Facebook