ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛСЭН ҮҮ?

2019/06/12
ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛСЭН ҮҮ?

"Буянт-Ухаа-2" хорооллын 972 айлын орон сууцыг түрээслүүлэх шийдвэрийг Засгийн Газар гаргаж, энэ асуудлыг Нийслэлийн Засаг Даргын мэдэлд шилжүүлсэн. 

Түрээслүүлэх асуудлыг НЗД хариуцах болсон учраас мэдээж харьяа байгууллага болох Нийслэлийн Орон Сууцны Корпорациар дамжуулан бүртгэл хийж, иргэдийг энэхүү хөтөлбөрт хамруулах нь тодорхой. 

Түрээсийн орон сууцыг нийслэлд шилжүүлсэн тухай БХБ-ын сайд Х.Баделхан мэдээлэл хийснээс хойш "Энэ долоо хоногт бүртгэж эхэлнэ", "НОСК-ийн цахим хаягаар бүртгэл эхэлсэн байна, "Удахгүй түрээсийн орон сууцанд нь оруулна" гэх зэрэг мэдээллүүд гарч, иргэд төрийн байгууллагуудын үүдээр эргэлдэж цаг заваа алдаж байна.

Манай http://shinebair.mn/ сайтад ч иргэд маш олноороо хандаж түрээсийн орон сууцны талаар асууж тодруулж байна. 

Орон сууц, барилга, үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг,  мэдээ мэдээллийг сургаар биш тухайн эх сурвалжуудаас авч байдаг учраас www.shinebair.mn  сайт иргэдэд бодит мэдээллийг хүргэсээр ирсэн.

"Өнөөдрийн байдлаар “Буянт-Ухаа-2" хорооллын 972 айлын орон сууц Нийслэлийн Орон Сууцны Корпорацид албан ёсоор шилжин ирээгүй байгаа тул яг тодорхой мэдээлэл өгөх боломж алга. Холбогдох журам нь гарсны дараа энэ сарын сүүлч, 7 дугаар сарын  эхээр бүртгэж эхлэх багцаа байна" гэсэн хариултыг НОСК-ийн зүгээс бидэнд өгч байна.

972 айлын орон сууцыг 100 хувь түрээслүүлэх үү, тодорхой хэсгийг нь гэр хорооллын дахин төлөвлөлт, хуучин орон сууцны дахин төлөвлөлтөд зориулах уу гэдэг асуудлыг ч шийдээгүй байгаа учраас холбогдох журам дүрэм тодорхой болоогүй гэсэн үг.

Агаарын бохирдлыг бодитойгоор бууруулах үүднээс хандана гэвэл, дээрхи 972 айлын орон сууцны тодорхой хэсгийг гэр хорооллын тодорхой байршлын айлуудын хашааны газраар солин авч, тухайн газар дээр нь орон сууц барих байдлаар ашиглаж болох л юм. 

НОСК нь http://nosk.ub.gov.mn/#/ гэсэн албан ёсны сайттай бөгөөд одоогоос жил гаруйн өмнөөс, энэхүү сайтын "Мэдээллийн сан" гэсэн хэсэгт иргэд нэвтэрч нийслэлээс хэрэгжүүлж буй орон сууцны төсөл хөтөлбөрүүдийн алинд нь хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлэх боломжтой болсон байдаг тул үүнийг зөвхөн "Буянт-Ухаа-2" хорооллын 972 айлын орон сууцны бүртгэл эхэлсэн байна гэж ойлгож болохгүй.

"Буянт-Ухаа-2" хорооллын 972 айлын орон сууцыг хэрхэн түрээслүүлэх тухай асуудал тодорхой болж, холбогдох дүрэм журам гарсны дараа бүртгэл хэзээ эхлэх, ямар цахим хаягаар бүртгэх зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэх тул иргэд хуурамч мэдээлэлд төөрөлдөж цаг заваа алдахгүй байх, залилангийн гэмт хэргийн хохирогч болохгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй юм.

                                                                                                                                                             П.Болор                                      

ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛСЭН ҮҮ?  
Тэнхлэг зууч ХХК - Facebook