"ШИНЭЧЛЭЛ" ХОРООЛЛЫН ОРОН СУУЦЫГ ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ БОЛОМЖТОЙ

2019/06/04
"ШИНЭЧЛЭЛ" ХОРООЛЛЫН ОРОН СУУЦЫГ ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ БОЛОМЖТОЙ

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт төсөл хэрэгжүүлэгч "Бармон" компани эхний ээлжинд 37 айлын газар чөлөөлж, 234 айлын 2 блок орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ оны 7 дугаар сард ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. 

Тус компанийн зүгээс орон сууцаа түрээслээд өмчлөх боломжийг иргэдэд олгож байгаагаараа онцлогтой юм.

40-60 м.кв талбай бүхий 2-4 өрөө орон сууцыг түрээслэхдээ талбайн хэмжээнээс нь хамаараад сар бүр 1-1,5 сая төгрөгийг 5 жилийн хугацаанд тогтмол төлснөөр түрээсийн мөнгөөрөө үндсэн төлбөрөө төлж, өөрийн байртай болох боломжтой.

Дээрхи төлбөрийн нөхцөлийг төрийн албан хаагчид, залуу гэр бүл болон бусад бага орлоготой гэр бүлд зориулж гаргасан байна.

Сар бүрийнхээ төлбөрийг тодорхой хугацаагаар төлөөгүй тохиолдолд үндсэн төлбөр бус түрээсийн төлбөр болгон суутгахаар гэрээ хийж байгаа тул иргэд санхүүгийн сахилга батыг сайтар мөрдөж, төлөлтөө алдалгүй тогтмол төлж байх нь чухал юм.

"Бармон" компанийн "Шинэчлэл хороолол" төсөл нь нийт 39.7 га талбай буюу 581 нэгж талбар бүхий газарт хэрэгжинэ. 2026 он хүртэл үргэлжлэх энэ төслийн хүрээнд 3358 айлын 43 блок орон сууцны барилга, 960 хүүхдийн сургууль, 720 хүүхдийн цэцэрлэг, оффис, худалдаа үйлчилгээний төв барихаар төлөвлөсөн байна. Мөн Азийн Хөгжлийн Банкны хөрөнгө оруулалтаар 120 ортой жишиг нэгдсэн эмнэлгийг барьж 2019 онд ашиглалтанд оруулах аж.

"Шинэчлэл хороолол" төслийн хүрээнд газраа чөлөөлж байгаа айлуудын газрыг метр.кв-ыг нь 200 мянган төгрөгөөр үнэлжээ. Ингэснээр 0.07 га газартай өрх 140 гаруй сая төгрөгийн үнэ бүхий орон сууцаар газраа сольж байгаа юм.

Эхний ээлжинд ашиглалтанд орох 2 блок орон сууцнаас газар чөлөөлсөн айлууддаа байрыг нь бүрэн олгож, үлдсэн байрууддаа түрээслээд өмчлөх нөхцөлөөр захиалга авч дууссан байна. 

Хотын төвөөс 2,5 км зайтай А бүсэд баригдаж байгаа энэхүү орон сууцны м.кв-ын үнэ 1.500.000 төгрөг байна.

                                                                                                                                                            П.Болор                                                                                                                                    

"ШИНЭЧЛЭЛ" ХОРООЛЛЫН ОРОН СУУЦЫГ ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ БОЛОМЖТОЙ   
Тэнхлэг зууч ХХК - Facebook