Х.БАДЕЛХАН: "БУЯНТ-УХАА-2" ХОРООЛЛЫН ОРОН СУУЦЫГ ТҮРЭЭСЛҮҮЛЭХ АСУУДЛЫГ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА ХАРИУЦНА

2019/06/05
Х.БАДЕЛХАН: "БУЯНТ-УХАА-2" ХОРООЛЛЫН ОРОН СУУЦЫГ ТҮРЭЭСЛҮҮЛЭХ АСУУДЛЫГ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА ХАРИУЦНА

Засгийн Газрын ээлжит хуралдаан өглөө 8:00 цагт эхэлж 24 асуудал хэлэлцэхээр хуралдаж байна. Дөнгөж сая түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээний тухай хэлэлцэн баталлаа. 

Энэ талаар Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделхан мэдээлэл хийлээ.

"Улаанбаатар хот, Хөвсгөл, Орхон, Говь-Алтай аймагт төрийн санхүүжилтээр 1542 айлын орон сууц  95-100 хувь ашиглалтанд ороод байна. /1542 айлын орон сууцны 972 айлын орон сууц нь нийслэлд "Буянт-Ухаа-2" хороололд ашиглалтанд орж байна. /Эдгээр 1542 айлын орон сууцыг түрээслүүлнэ.

Засгийн Газар энэ оны 4-р сарын 10-нд 138-р тогтоолоор, иргэд түрээсийн орон сууцыг түрээсэлж байгаад дараа нь өмчилж болох журам баталсан. Уг журмын дагуу нийслэл, тухайн орон нутгийн удирдлага иргэдэд түрээслүүлнэ.

Улсын хэмжээнд орон сууц түрээслэх шаардлагатай 77 мянган айл өрх байна. Цаашид бодит эрэлтийг хангах зорилгоор түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэхээр Засгийн Газар ажиллаж байна. Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн  айлчлалын үр дүнд  Солонго хорооллын ажил эхэлсэн. Орон сууц шаардлагатай 300 мянган айл өрх улсын хэмжээнд байна. Гэхдээ 8 хувийн зээлэнд хамрагдах боломжтой 37 мянган айл өрх байгаа учраас түрээслээд дараа нь 30 хувиа бүрдүүлэх үедээ өмчилж авах 77 мянган айл өрхийн болон цаашид нэмэгдэх эрэлтийг шат дараатай хангах хэмжээнд орон сууцжуулах бодлогыг Засгийн Газар баримталж байна".

Тэрээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-“Буянт-Ухаа-2” хорооллыг ТОСК хариуцахгүй Улаанбаатар хотын захиргаа хариуцна гэсэн үг үү?

-Хамгийн анх ТОСК-ийн захиалгаар Хөгжлийн Банкны зээлээр баригдсан. ТОСК өмнөх Засгийн Газрын үед өрөнд орж дахин зээл авч энэ барилгыг барих боломжгүй болсон. Тиймээс дутуу барилгыг тэр чигт нь Хөгжлийн Банк руу шилжүүлсэн. Нийтдээ 110 тэрбум төгрөгөөр нийслэлд болон зарим аймагт 1542 айлын орон сууц ашиглалтанд орж байгаа юм. Энэ нь өнөөдрийн байдлаар Хөгжлийн Банкны балансад байгаа. Засгийн Газрын шийдвэр гарснаар зээлтэй нь шилжүүлж байгаа. Нэг ёсондоо Улаанбаатар хотын захиргаа, Орхон, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн захиргаа эдгээр байрнуудыг түрээсээр олгоод, цаашдаа өмчлүүлнэ. Нийслэлийн хувьд энэ орон сууцны асуудлыг Нийслэлийн Засаг Дарга мэднэ. Өмнөх түрээсийн журам үйлчлэхгүй. Аймаг, Нийслэлийн Засаг дарга нар таван жилийн хугацаанд төлбөр төлөх гэрээг иргэдтэй байгуулаад өөрсдийн журмаар явна.

-“Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын орон сууцыг улсын комисс хэзээ хүлээж авах вэ?

-Улсын комисс байгуулагдаж байна. Барилга ерөнхийдөө ашиглалтанд орж байгаа. Дулааны асуудлыг бүрэн шийдсэн. 972 айлын орон сууц нийтдээ 75 тэрбум төгрөгийн өртгөөр босч байгаа. Нэг метр квадрат нь ойролцоогоор 1.460.000 төгрөгийн ханштай байна.  

-Түрээсийн үнэ ямар байх вэ?

-Баригдсан барилгыг Засаг Дарга нарын эрх мэдэлд шилжүүлсэн. Дарга нар хэрхэн олгохоо шийднэ. Таван жилээр түрээслээд урьдчилгаагаа бүрдүүлээд ипотекийн зээлд хамрагдаж болно.

                                                                                                                                                            П.Болор     

                                                                                                                                                                              

Х.БАДЕЛХАН: "БУЯНТ-УХАА-2" ХОРООЛЛЫН ОРОН СУУЦЫГ ТҮРЭЭСЛҮҮЛЭХ АСУУДЛЫГ НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА ХАРИУЦНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook