С.АМАРСАЙХАН: "120 МЯНГАТЫН ЭНЭ БАЙРШИЛД ШУУД БАРИЛГА БАРИАД ЭХЭЛЧИХГҮЙ ТУЛ ТАЙВАН БАЙЖ БОЛНО"

2019/05/29
С.АМАРСАЙХАН: "120 МЯНГАТЫН ЭНЭ БАЙРШИЛД ШУУД БАРИЛГА БАРИАД ЭХЭЛЧИХГҮЙ ТУЛ ТАЙВАН БАЙЖ БОЛНО"

"Номин Холдинг" ХХК Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр 120 мянгатын 15, 16 дугаар байрны орчимд 2194 м.кв талбайг үйлчилгээтэй орон сууцны зориулалттайгаар ашиглах эрхийг эзэмшдэг байна. 

Тус компанийг "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох,  барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтанд оруулах үйл ажиллагааны журам"-ын дагуу ойр орчмын иргэдээс зөвшөөрлийг авч эзэмших эрхийнхээ хүрээнд эдэлбэр газарт барилгын түр хашаа барих, зарлан мэдээлэх самбар байршуулахаар очих үеэр иргэд оршин суугчид эсэргүүцэж байрныхаа гадаа суулт зарласан байдалтай байсан. 

Уг асуудалтай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Нийслэлийн Засаг Дарга С.Амарсайханд албан бичиг хүргүүлж, тухайн газрын зөвшөөрлийг цуцалж, ногоон байгууламжаар нь үлдээхийг хүссэн байна. 

Энэ дагуу Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тус газарт очиж, нөхцөл байдалтай танилцлаа.

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан: 

“Анхнаасаа энд барилга барь гэж газар олгодог нь буруу. Үүнээс болж иргэд, аж ахуйн нэгжийн хооронд маргаан үүсч, үл ойлголцох асуудал гарсан. Энэ асуудлыг бид хууль дүрмийн дагуу аль аль талыг харгалзан шийдвэрлэнэ. Хэрвээ барилга барихаар бол иргэд, оршин суугчдын саналыг аваад, аж ахуйн нэгжүүдийн оролцоотойгоор ерөнхий төлөвлөлтийн дагуу хууль дүрмийн дагуу цогцоор нь асуудлыг шийднэ. Тиймээс та бүхэн энэ асуудалд санаа зоволтгүй тайван байж болно. Бид энэ асуудалд байнга анхаарал тавьж ажиллана. Харин хорооны иргэд та бүхэн орчноо илүү ногоон байгууламж болгоход бүгд гар бие оролцоорой” гэлээ.

С.АМАРСАЙХАН: "120 МЯНГАТЫН ЭНЭ БАЙРШИЛД ШУУД БАРИЛГА БАРИАД ЭХЭЛЧИХГҮЙ ТУЛ ТАЙВАН БАЙЖ БОЛНО"  
Тэнхлэг зууч ХХК - Facebook