Х.БАТТУЛГА: "АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР БАРИНА ГЭЧИХЭЭД ОРОН СУУЦ БАРЬЖ ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА"

2019/05/28
Х.БАТТУЛГА: "АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР БАРИНА ГЭЧИХЭЭД ОРОН СУУЦ БАРЬЖ ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА"

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Байгаль Орчин Аялал Жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар  “Азийн хүүхдүүд-2020”, Зүүн Азийн залуучуудын 2023 оны наадмын тосгоны бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.

Хан-Уул дүүргийн 8-р хороо, “Буянт-Ухаа” спорт цогцолборын эсрэг талд спортын наадмын тосгоны бүтээн байгуулалт хуваарийн дагуу үргэлжилж байгаа бөгөөд битүү дээвэртэй ордон, усан бассейн, хөлбөмбөгийн талбай барих ажлууд хийгдэж байна.

Тухайлбал, 115м х 85м хэмжээтэй ногоон зүлгэн талбайн ажил хуваарийн дагуу үргэлжилж, тоног төхөөрөмжийг угсрах шатандаа оржээ. Талбайн услалтын систем гэхэд  газар тариалангийн услалтын систем шиг хоёр талаасаа талбайн гол хүртэл цацдаг зэргээр сүүлийн үеийн технологи ашиглаж байгаа аж. 

Ус зайлуулах системийг Голландаас оруулж ирэхээр төлөвлөсөн бөгөөд хөлбөмбөгийн талбай барих хэрэгцээт бүх материал, тоног төхөөрөмж ирэх сард багтан Монгол Улсад ирэх юм байна.

Мөн 50 метр бассейн бүхий олон улсын стандартын усан спортын цогцолборын суурийн ажил саадгүй үргэлжилж байгаа тул энэ жилдээ багтаан битүүлж, дулаанаа татсанаар өвлийн улиралд дотоод заслын ажлыг хийж гүйцэтгэн, 2020 оны долдугаар сард ашиглалтанд оруулахаар төлөвлөжээ.

"Яармагийн 4400 га газрыг хамран, 54.450 өрхийн 237.344 хүн амтай, хотын хоёр дахь төв байхаар ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Төлөвлөлтөөрөө явах гэхээр 1632 га газар нь Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яаманд харьяалагддаг тул Зайсан орчим шиг төлөвлөлтгүй болох вий гэдгээс болгоомжилж байна. Тиймээс аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, төлөвлөлтгүй газрын асуудлыг нэг мөр шийдэх ажлыг ойрын үед зохион байгуулахаар болсон" гэж Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан ярьсан.

Дархан цаазат газар аялал жуулчлалын цогцолбор барина гэж газар аваад орон сууцны хороолол барьж, хууль зөрчиж байгаад онцгойлон анхаарал хандуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дагалдан яваа сайд нарт анхааруулсан юм.

Х.БАТТУЛГА: "АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР БАРИНА ГЭЧИХЭЭД ОРОН СУУЦ БАРЬЖ ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙНА"  
Тэнхлэг зууч ХХК - Facebook