"ХОВД-ЭКО ЦЕМЕНТ"-ИЙН ҮЙЛДВЭР БАРИГДСАНААР БАРУУН АЙМГУУДАД ОРОН СУУЦНЫ ҮНЭ БУУРНА

2019/05/14
"ХОВД-ЭКО ЦЕМЕНТ"-ИЙН ҮЙЛДВЭР БАРИГДСАНААР БАРУУН АЙМГУУДАД ОРОН СУУЦНЫ ҮНЭ БУУРНА

Ховд аймгийн Буянт суманд “Ховд-Эко цемент“-ийн үйлдвэрийн барилгын ажил  эхэллээ.

Засгийн Газрын 21:100 хөтөлбөрт багтсан энэхүү үйлдвэр нь жилд 300 мянган тонн цемент үйлдвэрлэж, баруун бүсийн цементийн хэрэглээг 100 хувь хангахаар төлөвлөж байна.

Өнөөдрийн байдлаар баруун таван аймгийн нэг жилийн цементийн хэрэглээ 220,000 тонн байгаа бөгөөд Улаанбаатарт худалдаалж буй цементийн үнээс хоёр дахин өндөр буюу нэг тонн цементийн үнэ 300 орчим мянган төгрөг байгаа юм.

“Ховд-Эко Цемент”-ийн үйлдвэр ирэх онд ашиглалтанд орж, нэг тонн цементийн өртгийг 150 мянга орчим төгрөг буюу Улаанбаатар хотын үнэ ханштай дүйцүүлнэ. Үүний үр дүнд баруун аймгуудад орон сууцны нэг м.кв талбайн үнэ 30-40 хувь хямдарч, 800 орчим мянган төгрөг болж, үнэ нь тогтворжино гэсэн тооцоог барилгачид гаргажээ.

"Нью Прогресс" группийн ерөнхийлөгч С.Балжинням: "Жилд 300 мянган тонн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр баруун таван аймгийн хэрэгцээг хангаад зогсохгүй ОХУ руу экспортлох юм. Төслийн бүтээн байгуулалтын ажил өнөөдөр 100 гаруй ажилтантай эхэлж байна. Бүтээн байгуулалтын ажил 2020 он гэхэд дуусаж, 2021 оноос цементээ борлуулж эхэлнэ. Бүтээн байгуулалтын хугацаанд 350 гаруй түр ажлын байр бий болох бол үйлдвэр ашиглалтанд орсноор 250 байнгын ажлын байр бий болно. Хуурай аргын эко буюу ус бага хэрэглэдэг, байгаль орчинд хамгийн бага сөрөг нөлөөтэй байх үйлдвэрийн төсөл нийтдээ 60 сая ам.долларын өртөгтэй. Үйлдвэрийн барилгын ажлыг монгол ажилчид гүйцэтгэх бол тоног төхөөрөмж угсралтыг БНХАУ-аас ажилчид ирж хийж гүйцэтгэнэ".

Монгол Улсын Гавьяат барилгачин Р.Цэдэнбал: "Баруун бүсэд цементийн үйлдвэр барих асуудал олон жил яригдаж өнөөдөр ажил хэрэг болж байгаад туйлын баяртай байна. Баруун бүсийн барилгачдын хүсэн хүлээж байсан ажил хэрэг энэ. Барилгын гол түүхий эд болох цементийг нэг шуудайг нь 8000 төгрөгөөр нийлүүлнэ гэж байна. Ийм үнээр цементээ авахад орон сууцны үнэ 40 хувиар буурна гэх тооцоолол гарч байгаа".

“Ховд-Эко Цемент”-ийн үйлдвэрийн барилгын ажилд орон нутгаас 100 гаруй хүн ажиллана. 2020 онд үйлдвэр ашиглалтанд орсноор 250 хүн тогтмол ажлын байртай болно. Зөвхөн тээвэрлэлтээс гэхэд баруун аймгууд жилдээ 43 тэрбум төгрөг хэмнэх тооцоо судалгаа байна гэж Засгийн Газрын Хэвлэл Мэдээлэл Олон Нийттэй Харилцах Хэлтсээс мэдээллээ.

"ХОВД-ЭКО ЦЕМЕНТ"-ИЙН ҮЙЛДВЭР БАРИГДСАНААР БАРУУН АЙМГУУДАД ОРОН СУУЦНЫ ҮНЭ БУУРНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook