СҮХБААТАРЫН ТАЛБАЙН УРД ХЭСГИЙН ГАЗАР ЭЗЭМШЛИЙН ЭРХИЙГ ЦУЦАЛЛАА

2019/04/24
СҮХБААТАРЫН ТАЛБАЙН УРД ХЭСГИЙН ГАЗАР ЭЗЭМШЛИЙН ЭРХИЙГ ЦУЦАЛЛАА

Сүхбаатарын талбайн 2.5 га талбайг эзэмшиж байсан "UB constraction" компанийн газар эзэмших эрхийг цуцалсан талаархи мэдээллийг хотын дарга холбогдох албан тушаалтнуудын хамт Сүхбаатарын талбайд очиж хийлээ.

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан:

"Анх 2006 онд усан оргилуур бүхий газар доогуурхи байгууламж барихаар төсөл сонгон шалгаруулалтаар тус компани газар эзэмшигч болсон гэдэг ч төсөл сонгон шалгаруулсан материал байдаггүй. Ингээд 10 жилийн хугацаанд зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй. Дараа нь автомашины зогсоол байгуулж, орлогынхоо 30%-ийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ хэмээн 2016 онд гэрээ байгуулсан ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг хотод төлөөгүй. Энд одоо ч машин зогсож байна.

2017 онд энэ 2.5 га талбайг 9.8 сая доллар буюу 22.5 тэрбум төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн зүгээс энэ талбай дээр нийтийн боловсон бие засах газар байгуулъя гэхээр талбай гаргаж өгдөггүй. Тиймээс бид өнөөдөр энэ газрын эзэмших эрхийг цуцлах шийдвэр гаргаж байна. 

Тухайн газрыг зориулалтын дагуу ашиглахгүй хоёр жил болсон тохиолдолд цуцлах хуультай. Мөн газрын эрхийг цуцлахын өмнө сонсох үйл ажиллагаа явуулах ёстой. Энэ дагуу бид сонсох үйл ажиллагааг зохион байгуулж, компанид мэдэгдлийг өгсөн тул хууль, журмын дагуу цуцалж байгаа. Цаашид энэ талбайд нийслэлийн хөрөнгөөр усан оргилуур байгуулж, иргэдийн амарч суудаг талбай болгоно. 

Энэ мэт олгосон олон газар Улаанбаатар хотод байгаа. Бид ААН-ийг хохироохгүй байх үүднээс хамтран ажиллах санал тавьсан боловч үл хүндэтгэсэн хандлага байна. Тиймээс зориулалтын бусаар ашиглаж байгаа болон ашиглахгүй орхисон газруудыг шалгаж байгаа" гэлээ.

Өмнө нь Э.Бат-Үүл дарга уг газрын зөвшөөрлийг цуцалсан боловч “UB construction” ХХК шүүхэд гомдол гаргаснаар шүүх тус компанийн талд шийдвэр гаргаж байжээ.

СҮХБААТАРЫН ТАЛБАЙН УРД ХЭСГИЙН ГАЗАР ЭЗЭМШЛИЙН ЭРХИЙГ ЦУЦАЛЛАА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook