ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ М.КВ-ЫН ҮНЭ 1.000.000 ТӨГРӨГ БАЙХ БОЛОМЖГҮЙ ЮУ?

2019/04/19
ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ М.КВ-ЫН ҮНЭ 1.000.000 ТӨГРӨГ БАЙХ БОЛОМЖГҮЙ ЮУ?

"Орлогод нийцсэн орон сууцны төсөл"-ийг хэрэгжүүлэхдээ төрийн зүгээс газар, дэд бүтцийг шийдэж өгч, барилгын компаниуд гүйцэтгэл, борлуулалтаа хариуцах хувилбарыг сонгосон нь оновчтой шийдэл. 

Нийслэлийн зүгээс газар чөлөөлж өгөх юм уу шинэ суурьшлын бүсэд газар олгож, халаалт, цэвэр, бохирыг нь шийдэх, үлдсэн дэд бүтцийг барилгын компаниуд өөрсдөө хийнэ.

Тухайн газар дээр баригдах орон сууцны 30-40 хувийг түрээсийн орон сууцны санд авах болон орлогод нийцсэн орон сууцны үнээр, үлдсэн 60 орчим хувийг тухайн төслийг хэрэгжүүлсэн компани зах зээлийн үнээр худалдан борлуулах ёстой.

Орлогод нийцсэн орон сууцны үнээр иргэдэд худалдана гэхээр м.кв нь хэдэн төгрөг байх вэ гэдэг нь хамгийн түрүүнд анхаарал татаж байгаа. 

Өрхийн орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлнэ гэж анх яригдаж байхад м.кв нь 1.000.000 -1.200.000 төгрөгөөс хэтрэхгүй байвал зохимжтой гэж байсан. Гэтэл м.кв нь 1.350.000 төгрөг байхаар тогтсон байна.

Нэгэнт л орон сууц хэрэгцээтэй ч урьдчилгаа төлбөрийн хуримтлалгүй, бага болон дунлаж орлоготой иргэдэд чиглэсэн төсөл хэрэгжүүлж байгаа болохоор м.кв-ыг нь 1.000.000 төгрөгөөр зарах боломж байгаа гэж мэргэжлийн зарим хүмүүс харж байхад, нийслэлийн хувьд тэнд дэд бүтэц шийдэхэд тодорхой хэмжээний зардал гаргаж, цөөхөн тооны орон сууцыг нь өөрийн мэдэлд авч байгаа учраас орлогод нийцсэн үнэ 1.350.000 төгрөг байх нь аргагүй гэж үзэх хэсэг байна.

"Буянт-Ухаа-2" хорооллын орон сууцыг 1.350.000 төгрөгөөр худалдан борлуулж байсан. Тэгвэл үүнээс ч хямд үнэтэй орон сууцыг зорилтот бүлгийн иргэд хүлээж байгаа нь харагддаг. 

Нийслэл, хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлж буй "Орлогод нийцсэн орон сууцны төсөл"-өөс "Түрээсийн орон сууцны сан"-д нийлүүлэгдсэн орон сууцнаас:

а/.5 жилийн хугацаанд түрээслэн амьдрах, 

б/.Түрээсэлж байгаад урьдчилгаа 30 хувиа бүрдэнгүүт ипотекийн зээлд хамрагдах, 

в/.5 жилийн хугацаанд тодорхой хэмжээний мөнгө төлсөөр өөрийн өмчлөлд авах зэрэг сонголтоос өөрт тохирсон хувилбарыг сонгох боломжтой.

"Орлогод нийцсэн орон сууцны төсөл"-ийн хүрээнд Буянт-Ухаа цогцолборын орчимд 768 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд 2020 он гэхэд ашиглалтанд оруулах төлөвлөгөөтэй. 

"Дорнын Их Гэгээ" компани НОСК-тай хамтран энэхүү 768 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлэх юм.

Түүнчлэн "Орлогод нийцсэн орон сууцны төсөл"-ийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Ханын Материал орчимд 1200 айлын орон сууцны ажлыг эхлүүлж байна. 

Мөн Баянголын аманд 2000 айлын орон сууц, Баянхошуу, Сэлбэ орчимд "Орлогод нийцсэн орон сууцны төсөл"-ийн сонгон шалгаруулалт зарлана. 

НОСК хувийн хэвшилтэй хамтран 4-5 жилийн хугацаанд 15-17 мянган айлын орон сууцны төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

                                                                                                                                                             П.Болор                                                       

 

ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ М.КВ-ЫН ҮНЭ 1.000.000 ТӨГРӨГ БАЙХ БОЛОМЖГҮЙ ЮУ?  
Тэнхлэг зууч ХХК - Facebook