"МӨСӨН ӨРГӨӨ"-Г 16 САРЫН ДОТОР АШИГЛАЛТАНД ОРУУЛНА

2019/04/15
"МӨСӨН ӨРГӨӨ"-Г 16 САРЫН ДОТОР АШИГЛАЛТАНД ОРУУЛНА

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хан-Уул дүүргийн VIII хороонд Шинэ Яармаг хорооололд баригдаж буй өвлийн спортын ордон буюу “Мөсөн өргөө"-ний шав тавих ёслолын арга хэмжээнд оролцлоо.

"Мөсөн өргөө" нь 

  • 5700 м.кв ашиглалтын талбайтай,
  • 2600 хүртэл үзэгчийн суудалтай,
  • Олон Улсын Олимпын хорооны стандарт хэмжээс болох 60м-30м мөсөн гулгуурын талбайтай,
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, талбайтай
  • Хойд Америк, Европын орнуудад өргөн ашиглаж буй мөсөн талбайн зориулалтын хөргөлтийн төхөөрөмж, агаар сэлгэлтийн системтэй,
  • Танхим тасалгаа, мөсөн гулгуурын талбайг спортын бусад төрлийн уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ, тоглолтод зориулан өөрчлөх боломжтой байх юм.

Бүтээн байгуулалтын ажлыг хариуцаж буй “Степпа Арена” компанийн удирдлагууд өвлийн спортын ордон буюу "Мөсөн өргөө"-г 16 сарын дотор ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байна. 

Энэхүү "Мөсөн өргөө"-г үндэсний томоохон компаниуд болох МАК, "Ачит Ихт" зэрэг компаниудын оролцоотойгоор барьж байгуулах юм.

Төлөвлөгөө, барилгын зураг төслийг дотоодын “Анаграм” ХХК, Канадын HDR/CEI, болон VDA компаниудтай хамтран Олон Улсын Хоккейн Холбооны заавар, зөвлөмжийг баримтлан боловсруулжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2020 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо “Азийн хүүхдүүд” олон улсын спортын их наадам, мөн 2023 онд Азийн залуучуудын наадам болох бөгөөд эдгээр спортын наадмуудад зориулсан бүтээн байгуулалтын ажлын нэг хэсэг нь энэхүү “Мөсөн өргөө” юм.

Энд мөн 50 метрын урттай усан бассейн, 10 мянган хүний суудалтай стандарт хангасан хөлбөмбөгийн талбай баригдана. 

"Буянт-Ухаа" спорт цогцолбор болон томоохон спортын ордон ойролцоо байрлаж байгаа учраас гадаад дотоодын тамирчдыг байрлуулах зочид буудал хэлбэрийн орон сууцыг ч төлөвлөлтөд оруулжээ.

                                                                                                                                                             П.Болор                                                                                                                                                                               

"МӨСӨН ӨРГӨӨ"-Г 16 САРЫН ДОТОР АШИГЛАЛТАНД ОРУУЛНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook