ОРОН НУТГИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНД ЗААГДСАН ГАЗАРТ БАРИГДАХ АМИНЫ ОРОН СУУЦАНД ЗЭЭЛ ОЛГОНО

2019/04/11
ОРОН НУТГИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНД ЗААГДСАН ГАЗАРТ БАРИГДАХ АМИНЫ ОРОН СУУЦАНД ЗЭЭЛ ОЛГОНО

Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журмыг 2018 оны 12-р сард баталснаар:

-Аймаг, нийслэл, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан, орон сууцны нийт талбай 80 м.кв-аас ихгүй нийтийн зориулалттай орон сууцанд,

-Инженерийн дэд бүтэцтэй, эрчим хүчний хэмнэлттэй, нийт талбай нь 120 м.кв-аас ихгүй амины орон сууц барихад 60 сая хүртэл төгрөгийн зээл олгохоор болсон юм.

Иргэд өөрсдөө амины орон сууцаа барьдаг ч зээлийн барьцаанд тавих болоход банкны шаардлага хангадаггүй. Тиймээс найдвартай, хариуцлага нэхэх эзэнтэй байлгахын тулд мэргэжилтнүүд , тусгай зөвшөөрөлтэй компаниудтай хамтран ажиллах хэрэгтэй юм. 

Арилжааны банкууд ч мэргэжлийн, тусгай зөвшөөрөлтэй компаниар бариулсан амины орон сууцанд зээл олгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. 

Ямар амины орон сууц баривал зээлийн шаардлага хангах вэ гэдгийг харуулсан эхний ээлжийн загвар зураг төслийг БХБЯ, БОАЖЯ хамтран хийж байгаа бөгөөд бэлэн болмогц цахим мэдээллийн санд байршуулж, иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.

Энэхүү зураг төслийн цомог энэ оны нэгдүгээр сард бэлэн болох байсан ч, олон улсад хүлээн зөвшөөрөгдөж хөрөнгө оруулалт татаж чадахуйц байлгах үүднээс нэлээдгүй хугацааг зарцуулж байгаа аж. 

Уг зургийн цомог нь иргэд банкны барьцаа болж чадахуйц үл хөдлөх хөрөнгөтэй болоход тусална гэсэн үг.

Хамгийн чухал нь иргэд тухайн хот, орон нутгийнхаа хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд заагдсан газарт үл хөдлөх хөрөнгөө барих шаардлагатай бөгөөд алслагдсан буюу утаа харьцангуй багатай газар, зуслангийн бүсэд амины орон сууц баривал зээл олгохгүй. 

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох асуудлыг бүх газарт нээлттэй болговол орон сууцжуулах бодлого алдагдахаас гадна амины орон сууцны зээл хяналтгүй болно гэж үзсэн байна.

Нийслэлд Баянхошуу, Долоон буудал зэрэг утааны голомт болсон газруудаа амины орон сууцны хороолол болгохоор ерөнхий төлөвлөгөөнд тусгасан байдаг. 

Орон нутагт амины орон сууц барих хүсэлтэй иргэд аймгийнхаа Газрын Харилцаа Барилга Хот Байгуулалтын газраас мэдээлэл авах хэрэгтэй. 

Иргэд,  өөрийн өмчлөлийн газар нь тухайн орон нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу амины орон сууцны хороолол болж хөгжих газар мөн үү, биш үү гэдгийг батлах тодорхойлолтыг тухайн хот, орон нутгийнхаа Газрын Харилцаа, Барилга, Хот Байгуулалтын Газраас авч, зээл хүссэн  материалтайгаа хамт банкинд өгнө.

Ипотекийн зээлд хамрагдах орон сууц нь инженерийн дэд бүтцийн шийдэлтэй буюу халаалтын системтэй, цэвэр бохир усны асуудлаа шийдсэн байх шаардлагатай. 

Төвлөрсөн шугам сүлжээнээс хол айл өрхүүд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн дэд бүтцээр шийдэх боломжтой.

Ипотекийн зээлийн эх үүсвэр багассан, хүсэлт шинээр хүлээж авахгүй байгаа зэргээр иргэдийн хүлээлтийг үүсгэсэн асуудал их байхад нэмээд амины орон сууцанд энэхүү зээлийг олгож, ажил хэрэг болгоно гэхэд итгэл төрөхгүй л байгаа юм.

Ямартай ч Засгийн Газраас банкуудад олгох ипотекийн зээлийн эх үүсвэрийн 4 хувийн хүүг 1 хувь болгон бууруулж, банкуудын эх үүсвэрийг татан оролцуулах, зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлэх шийдвэрийг өнгөрсөн оны сүүлчээр гаргасан.

Дээрхи шийдвэрийн дагуу хөтөлбөрийн эх үүсвэр болон үнэт цаасжуулалтын бүтцэд өөрчлөлт оруулж, схемийг бүрэн шинэчлэх ажлыг Монголбанк бэлэн болгосон байна.

Энэ хүрээнд Монголбанк 2019 оны 2 дугаар сарын 20-нд Засгийн Газартай дамжуулан зээлдүүлэх гэрээг байгуулж, Засгийн Газраас 2019 оны эхний 4 сард олгох ёстой байсан 35 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4 дүгээр сарын 9-ний өдөр Монголбанкинд шилжүүлжээ.

Монголбанк энэ хооронд бүх талуудтай гэрээг эцэслэн байгуулж, Засгийн Газрын дээрхи санхүүжилт дээр банкуудын өөрийн эх үүсвэрийг хөтөлбөрт нэмж оруулах ажлыг зохион байгуулснаар 70.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4 дүгээр сард нэмж орон сууцны зээлд зориулан олгох юм байна.

2019 оны эхний 4 сарын санхүүжилтийн нийт хэмжээ 134 тэрбум төгрөг болж байгаа бөгөөд цаашид он дуустал 3 төрлийн эх үүсвэрээс сар бүр тогтмол 36 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зээлд зориулан олгох аж.

Ингэснээр энэ онд хөтөлбөрийн нийт санхүүжилтийн хэмжээ 145 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, зээлдэгчийн тоо 1.5 дахин өсөх тооцоо гарсан байна.

                                                                                                                                                            П.Болор                                                                                                                                                               

ОРОН НУТГИЙН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНД ЗААГДСАН ГАЗАРТ БАРИГДАХ АМИНЫ ОРОН СУУЦАНД ЗЭЭЛ ОЛГОНО  
Тэнхлэг зууч ХХК - Facebook