“ЗҮҮНБАЯН РЕФАЙНЕРИ" КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООЛОО

2019/04/09
“ЗҮҮНБАЯН РЕФАЙНЕРИ" КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООЛОО

-Туул голын онцгой хамгаалалтын бүсэд олгосон газрын эрхийг цуцлах,  Туул голын онцгой хамгаалалтын бүсэд олгогдсон газарт ямар нэгэн барилга байгууламжийн эрхийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас олгохгүй байх,

-Зохих зөвшөөрөлгүйгээр газар, шорооны ажил хийж, Туул голын эрэг дагуу үйл ажиллагаа явуулан мод бут устгаж байгаа “Идэр интернейшнл” ХХК-ны үйл ажиллагааг зогсоох,

-“Зүүн баян Pефайнери” ХХК-ны барилгын үйл ажиллагааг хууль шүүхийн байгууллагын шийдвэр эцэслэн гарах хүртэл хугацаанд зогсоох.

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр дээрхи үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.

Туулын бургасыг устган байж 4 га газарт 3 давхар, 50 айлын тансаг хаус, 4 давхар үйлчилгээний төв барьж байгаа “Зүүнбаян Pефайнери” нь хотын дарга С.Амарсайханы төрсөн ах С.Уламбаярын компани гэж яригддаг ч хотын дарга өөртэйгөө огт хамааралгүй гэж удаа дараа мэдэгдсэн. 

Тус компани байгаль орчинд 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэсэн мэдээлэл байна. 

Д.Оюунхорол БОАЖ-ын сайдаар ажиллаж байх үедээ “Зүүнбаян Pефайнери” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан  ч үйл ажиллагаагаа явуулсаар иржээ.

Энэ тухай:

"Байгаль Орчин Аялал Жуулчлалын сайд Д.Оюунхоролын 2017 оны 6-р сарын 20-ны А/177 тоот тушаалаар Байгаль орчны сайдын  2008.08.22-ны өдрийн 283 тоот тушаалын 9 дэх хэсэг, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Их тэнгэрийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 4.0 га газарт үйл ажиллагаа явуулах эрх авсан “Зүүнбаян рефайнери” ХХК нь анх авсан 4 га газрын талбайн хэмжээг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан, тухайн орчны төлөв байдал, байгалын унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм, горимыг ноцтой зөрчсөн тул газар ашиглах эрхийг дуусгавар болгож, уг аж ахуйн нэгжтэй байгуулсан гэрээг цуцлав" гэсэн тэмдэглэл байгаа юм. 

Эндээс харахад, зөвшөөрлийг 2008 онд Байгаль Орчны сайдаар ажиллаж байсан У.Барсболд олгосон болж таарч байна.

“Зүүнбаян Рефайнери” компани Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамыг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн байдаг бөгөөд нэхэмжлэлийн утга нь тодорхойгүй.  

Ямартай ч асуудал шүүхээр шийдэгдтэл ийнхүү барилгын ажлыг нь түр зогсоолоо.

Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан:

"Туулын эрэг орчимд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад туйлширсан байдлаар хандаж болохгүй. 1200 гаруй компани зөвшөөрөл эзэмшиж байгаа. Тэр бүх иргэн, ААН хууль бусаар зөвшөөрөл аваагүй байх. Нэгэнт хуулийн дагуу авсан иргэд, ААН-үүд үйл ажиллагаа явуулах ёстой. Тэр хүрээнд хууль, хяналтын байгууллага ажиллах ёстой".

                                                                                                                                                             П.Болор                                                                                                                                                                                                                                

“ЗҮҮНБАЯН РЕФАЙНЕРИ" КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООЛОО  
Тэнхлэг зууч ХХК - Facebook