ОРОН СУУЦАА ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛОХ НЬ...

2019/04/08
ОРОН СУУЦАА ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛОХ НЬ...

Орон сууц хэрэгцээтэй ч урьдчилгаа төлбөрийн хуримтлалгүй иргэд түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдах сонирхолтой байна. 

Гадны орнууд түрээсийн орон сууцны олон төрлийн хувилбарыг ашиглаж иргэдээ орон сууцжуулсан байдаг. 

Манай улсын хувьд, 2015-2021 оны хооронд “Түрээсийн орон сууц хөтөлбөр"-ийн хүрээнд 20 мянган айл өрхийг түрээсийн орон сууцанд оруулах Засгийн Газрын тогтоол 2015 онд гарсан ч одоогийн байдлаар өмнөх Засгийн Газруудын үед баригдаж ашиглалтанд орсон 1512 айлын түрээсийн орон сууц л байна.

2019 онд 1542 айлыг “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулах бөгөөд үүний 972 нь Улаанбаатарт, үлдсэн нь орон нутагт хэрэгжих төлөвлөгөөтэй байгаа талаар албаныхан ярьдаг.

"Буянт-Ухаа-2" хорооллын 972 айлын орон сууцны дотор заслын ажил хийгдэж байгаа, ирэх 5-р сарын 1 гэхэд ашиглалтанд орох боломжтой байгаа аж. 

"Буянт-Ухаа-2" хорооллын 972 айлын орон сууц болон 4 аймагт баригдаж байгаа 600 гаруй айлын орон сууцны хэдийг түрээсийн орон сууцны санд шилжүүлж, хэдийг борлуулах талаар Засгийн Газрын гишүүдээс санал авч байгаа бөгөөд ойрын үед Засгийн Газрын хуралдаанд оруулна.

Өөрөөр хэлбэл, дээрхи орон сууцнуудын хэдэн хувийг түрээслүүлэх, хэдэн хувийг борлуулах нь энэ сарын 20 гэхэд тодорхой болж, 5 дугаар сарын эхээр "Буянт-Ухаа-2" хорооллын 972 айлын орон сууцыг ашиглалтанд хүлээн аваад, үүний дараа холбогдох журмын талаархи мэдээллийг иргэдэд хүргэх юм.

Одоогийн хэрэгжиж байгаа журамд тусгасны дагуу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, залуу гэр бүл, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, амьжиргааны баталгаажих түвшнээс доош орлоготой өрх толгойлсон эцэг эх, 0-18 насны дөрвөн хүүхэдтэй эцэг эх гэх мэт бүлгүүдэд тодорхой тооны квот олгох зарчмаар хэрэгжүүлэхээр тооцоолж байна.

Орон сууцаа түрээсэлж байгаад өмчилж авах хувилбарыг хэрэгжүүлэх боломжтой эсэхийг иргэд ихээхэн сонирхдог, холбогдох албаныхан ч нэлээдгүй хугацаанд судалсан. 

Тэгвэл  түрээсийн орон сууцыг өмчлөх журмыг  Засгийн Газрын хуралдаанд оруулах гэж байна.

Энэ хүрээнд:

1.Түрээсийн гэрээгээр 5 жил хүртэлхи хугацаагаар амьдрах,

2.Түрээслээд түрээсийн төлбөр дээрээ тодорхой хэмжээний мөнгө нэмж төлөөд ипотекийн зээлд хамрагдах урьдчилгаа 30 хувиа бүрдүүлсэн нөхцөлд уг зээлд хамрагдаж тухайн орон сууцаа өмчлөх, 

3.Түрээсийн 5 жилийн хугацаанд түрээсийн төлбөрөөс гадна тухайн орон сууцны үнийг тав хувааж төлөөд өөрийн өмчлөлд шилжүүлж авах

Засгийн Газар дэмжсэн шийдвэр гаргаснаар, одоо хэрэгжиж байгаа зөвхөн түрээслэх хувилбар дээр нэмээд өөр хоёр хувилбараар түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдаж, орон сууцаа өмчлөх боломжтой болох нь...

Түрээсийн орон сууцны төлбөр Улаанбаатар хотод метр.кв нь 6000 төгрөг, хөдөө орон нутагт 4000 төгрөг байна.

Ипотекийн зээлийн эх үүсвэр хумигдсан, орон сууц хэрэгцээтэй өрхүүд урьдчилгаа төлбөрийн хуримтлалгүй байгаа өнөөгийн нөхцөлд түрээсийн орон сууцны олон төрлийн хувилбарыг хэрэгжүүлж, иргэдээ орон сууцжуулах нь хамгийн зөв гарц.

Цаашдаа  "Буянт-Ухаа-2" хорооллоос гадна "Солонго-1", "Солонго-2" хороолол, Баянголын аманд баригдах орон сууцны хорооллын тодорхой хэсгийг түрээсийн орон сууцны санд шилжүүлэх бөгөөд эдгээр хорооллыг барих санхүүжилтийг БНСУ-ын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр шийдэхээр болоод байна.

                                                                                                                                                             П.Болор                                                                                                                                                                       

ОРОН СУУЦАА ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛОХ НЬ...  
Тэнхлэг зууч ХХК - Facebook