БАНКУУД ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БАЙНА

2019/03/30
БАНКУУД ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БАЙНА

"Арилжааны банкууд зээлийн хүсэлт хүлээж авахгүй байна" гэсэн яриа иргэдийн дунд байна. 

Энэ талаар банкуудаас тодруулахад, "Санхүүжилтийн хэмжээ багассан учраас зээлийн хүсэлтийн дараалал үүсч шинээр хүсэлт авахаа зогсоосон. Өмнө ирсэн хүсэлтүүдээ шийдсэний дараа шинээр авна" гэх хариултыг дийлэнхи банк өгч байв.

2019 онд Засгийн Газрын эх үүсвэрээр 120 тэрбум,  эргэн төлөлтийн 200 тэрбум, нийтдээ 300 гаруй тэрбум төгрөгийг ипотекийн зээлд төсөвлөсөн. Энэхүү санхүүжилтээр арилжааны банкууд сард дунджаар 300-400 иргэний зээлийг шийдэх боломжтой. 

Энэ оны нэгдүгээр сард 13 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилтээр 241 иргэнд ипотекийн зээл олгосон бол хоёрдугаар сард 96 иргэнд 6.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон байна. 

2018 оны нэгдүгээр сард 17 тэрбум төгрөгийн зээл олгож байсан бол ийнхүү энэ оны нэгдүгээр сард 13 тэрбум, өнгөрсөн оны хоёрдугаар сард 12 тэрбум төгрөгийн зээл олгож  байсан бол 6,1 тэрбум болж тус тус буурчээ.

Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх гарцыг холбогдох байгууллагууд удаан хугацаанд судалсны дүнд  улсын төсвөөс олгож байгаа санхүүжилт болон өмнөх зээлийн эргэн төлөлтөөр ипотекийн зээлд олгогдож байгаа эх үүсвэр нь  4 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудад очиж байсныг 1 хувь болгохоор болсон.

Ингэснээр ипотекийн найман хувийн зээлийн санхүүжилтэд жилд зарцуулдаг байсан 300 тэрбум төгрөг 500 тэрбум болж нэмэгдэнэ. 

Үүнтэй холбогдуулан Засгийн Газар "Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журам"-ыг 2018 оны 12-р сард баталсан. Гэхдээ энэ журам одоохондоо хэрэгжиж эхлээгүй. Уг журмыг энэ оны 2-р улирлаас хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөн бэлтгэл ажлаа хийж байгаа аж.

2013-2016 онд жилд дунджаар 10 мянга орчим иргэний, сард дунджаар 700-800 иргэний ипотекийн зээлийг шийддэг байв. 

2014 оны хувьд бусад оноосоо хамгийн их буюу 830 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. 2013, 2015 онуудад тус бүр 700 тэрбум гаруй, 2017 онд 350 орчим тэрбум, 2018 онд 300 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

Манай улс 2017 онд "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдах үед, Монгол банк бодлогын хүүгээсээ бага хүүтэй зээл олгож байгаагаа зогсоох хэрэгтэйг ОУВС байнга сануулсаар, анхааруулсаар ирсэн. 

Ямартай ч эхний удаад, зээлийн эргэн төлөлтөөс орж ирж байгаа төлбөрийн зөвхөн үндсэн төлбөрийг Монголбанкнаас буцааж гаргах, хүүгийн төлбөрийг Засгийн Газраас гаргахаар тохиролцоонд хүрэн ажиллаж байгаа юм. 

2020 оноос Засгийн Газар ипотекийн зээлийг дангаараа хариуцна. Ипотекийн зээлийг 100 хувь хариуцах үедээ Засгийн Газар хэрхэн хөрөнгө босгох талаараа судалж байгаа биз ээ?

                                                                                                                                                             П.Болор                                                                                                                                                                

БАНКУУД ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ БАЙНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook