"ШИНЭ ГЭР" ТӨСӨЛ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2019/03/28
"ШИНЭ ГЭР" ТӨСӨЛ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжих “Шинэ гэр” төсөл нээлтээ хийлээ. 

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд хэрэгжиж буй тус төслийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Учрал, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Гадаадын Иргэн Харьяатын Газрын дарга Д.Мөрөн болон төсөл хэрэгжүүлэгч олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Агаарын бохирдлыг бууруулахын тулд тортог гардаггүй дулааны эх үүсвэр ашиглах боломжийг бүрдүүлэх, боломжийн үнэтэй, цахилгаан бага зарцуулах халаалтын шийдэл бий болгох, гэрийн дулаан хадгалалт болон үр ашгийг сайжруулах, шинэ загварын гэр сууц барих зорилготой “Шинэ гэр” төслийг АНУ-ын Бригам Янгийн их сургуулийн оюутнуудын инженерийн баг, “Сайн учрал” сан, Дэзэрэт ОУЭБ, "Наян зургаан мянга дөрвөн зуу" ТББ-аас хамтран хэрэгжүүлж байгаа юм.

“Шинэ гэр” төсөл энэ оны гуравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд хэрэгжиж эхэлсэн бөгөөд Бригам Янгийн их сургуулийн инженерийн тэнхмийн багш, зөвлөх оюутнууд өнгөрсөн жилээс судалгаа хийж, Монголын нөхцөлд тохирсон инженерийн, дэвшилтэт шийдлийг олохоор ажиллажээ.

Ингэснээр гурван айлын гэрт дулаалга хийж, цахилгаан халаагуур тавьж өгөх, нэг айлд дулаахан шинэ загварын гэр сууц барьж өгөх ажлаа үр дүнтэй гүйцэтгэж ийнхүү нээлтээ хийсэн байна.

Цаашдаа 100 айлд гэрийн дулаалга хийх, халаалт тавих, 20 айлд дулаахан шинэ загварын гэр сууц барьж өгөх ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ. 

Нэг гэрийг халаах дулаан зарцуулалтын төлбөр нь хайруулын таваг нэг цаг ажиллуулахаас бага зардалтай гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид дурдлаа.

Түүнчлэн хүн бүр ашиглахад хялбар байхаар тооцож ханын эсгий давхаргуудын хооронд дулаан хадгалагч, тусгаарлагч нэмэх болон шалны модон дор дулаалга суурилуулах, нүүрс шатаадаг зуухнуудын оронд цахилгаан халаагуур тавих ажлыг далайцтай хийхээр төлөвлөжээ.

 

"ШИНЭ ГЭР" ТӨСӨЛ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ  
Тэнхлэг зууч ХХК - Facebook