АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАЙРАНД АМЬДАРЧ БАЙСАН АЙЛУУД ШИНЭ ОРОН СУУЦАНДАА ОРЛОО

2019/03/29
АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАЙРАНД АМЬДАРЧ БАЙСАН АЙЛУУД ШИНЭ ОРОН СУУЦАНДАА ОРЛОО

БЗД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сүүний 16”-р байрны суурин дээр “Шинэ төсөл" хотхон  баригдаж оршин суугчид  шинэ сууцандаа орлоо. 

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 5, 16, 24-р барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Металл энд Вүүд” ХХК эхний ээлжинд “Сүүний 16”-р байрыг буулгаж “Шинэ төсөл" хотхоны барилгын ажлыг эхлүүлсэн юм. 

Тус компани ийнхүү  үйлчилгээний төв бүхий 12 давхар 77 айлын орон сууцны ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгч байна.

Оршин суугчдад түлхүүр гардуулах ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг Даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, “Нийслэлийн Орон Сууцны Корпораци”-ийн захирал Б.Сүхбаатар, БЗД-ийн Иргэдийн төлөөлөгч П.Төмөрхуяг болон оршин суугчдын төлөөлөл оролцсон юм.

“Нийслэлийн Орон Сууцны Корпораци”-ийн захирал Б.Сүхбаатар: 

"Хотын удирдлагууд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дүнд иргэдээ чанартай, аюулгүй, тохилог орон сууцаар хангах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас нийслэл хотын орон сууцнуудад үзлэг, шалгалт хийсэн. Тус шалгалтаар нийслэл хотод 234 байр ашиглалтын шаардлага хангахгүй, буулгах шаардлагатай, эрсдэлтэй байна гэсэн дүгнэлт гарсан. Үүний 45 байр нь Баянзүрх дүүрэгт байрлаж байна. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дахин төлөвлөж барилгажуулах ажилд иргэдийн оролцоо маш чухал. Тэд нэгдмэл нэг санаа, бодолтой байж, төсөл хэрэгжүүлэгч компанитайгаа хамтран ажилласнаар цаг хугацаа хэмнэж, байрандаа ороход асуудалгүй болно. Нийслэлийн зүгээс Монгол Улсын Хөгжлийн Банктай хамтран “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих төсөл”-ийг цаашид үргэлжлүүлнэ. Иргэдтэйгээ сайн ойлголцож, нэгэн хүслийн төлөө хамт зүтгэсэн Нийслэлийн Хот Төлөвлөлт Ерөнхий Төлөвлөгөөний Газар, гүйцэтгэгч компани болох “Металл энд Вүүд” ХХК”-ий хамт олонд талархал илэрхийлье” гэлээ.

                                                                                                                                                             П.Болор                                                                                                                                                                      

АШИГЛАЛТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ БАЙРАНД АМЬДАРЧ БАЙСАН АЙЛУУД ШИНЭ ОРОН СУУЦАНДАА ОРЛОО  
Тэнхлэг зууч ХХК - Facebook