ШАВЫГ НЬ ТАВИАД ХОЁР ЖИЛИЙГ ҮДСЭН "НОГООН НУУР" ХОРООЛОЛ

2019/03/26
ШАВЫГ НЬ ТАВИАД ХОЁР ЖИЛИЙГ ҮДСЭН "НОГООН НУУР" ХОРООЛОЛ

“1008 айлын орон сууцны Ногоон нуур хорооллын ажлыг энэ хавар эхлүүлнэ”. Өчигдөр болж өнгөрсөн Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр БХБ-ын сайд Х. Баделхан дээрхи үгийг хэлсэн. Нэг их сонирхоод хүлээж аваад байхаар шинэ мэдээ биш.

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2017 оны 6-р сард Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт 1008 айлын орон сууцны "Ногоон нуур" цогцолбор хорооллын шавыг тавьж байв.

Тэр үед Ж.Эрдэнэбат Ерөнхий Сайдын, Г.Мөнхбаяр БХБ-ын сайдын албыг хашиж байлаа.  Ерөнхий Сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-д айлчлах үеэр тус улс манай улсад хоёр тэрбум юань буюу 330 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болж, энэ хөрөнгийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулахаар Засгийн Газрын хуралдаанаар шийдвэрлэж байсан юм.

Түүнээс хойш засаг төрөө сольж, бие биенээ огцруулж, нэг ёсондоо хийх биш дүр эсгэх байдалтайгаар хоёр жилийг үдсэн байна.

“Эхний ээлжинд чөлөөлөгдсөн 3,8 га талбайд ерөнхий төлөвлөгөөний дагуу 21 давхар найман орон сууц, 960 хүүхдийн багтаамжтай дунд сургууль баригдана. Цаашид 1,57 га газрыг чөлөөлж 240 хүүхдийн цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв, авто зогсоол барина” гэж төлөвлөсөн талаараа албаныхан тухайн үед ярьж байсан.

Орон сууц баригдангуут газраа байраар солих хүсэлтэй айл өрхүүдийг шууд оруулах, зарим орон сууцыг хямд өртөгтэйгээр худалдахаар төлөвлөж байв.

Энэ талаар тухайн үед хотын даргаар ажиллаж байсан С.Батболд:

“Ногоон нуурын дэнж дээр 1000 айлын орон сууц барья гэж байгаа юм. Энэ бол БНХАУ-ын Ерөнхий Сайд Монгол Улсын Ерөнхий Сайдад бэлэглэсэн бэлэгийн хороолол маягийн орон сууц .1000 айлын газрыг чөлөөлөөд тус газарт нь орон сууц бариад нөгөө 1000 айлаа оруулах механизмаар явна. Энд сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төвийг цогцоор нь шийдэх юм. Үүнийг агаар орчин, хөрсний бохирдолтойгоо уялдуулж шийдэхээр нэн тэргүүнд төлөвлөсөн” гэж тайлбарлаж байсан юм.

Ж.Эрдэнэбатын Засгийн Газрын хэрэгжүүлэхээр төлөвлөсөн энэ санааг У.Хүрэлсүхийн Засгийн Газар хоёр жилийн туршид ярихаас хэтрээгүй.

Хороолол барих ажлын явц ямар байгааг энэ оны нэгдүгээр сард холбогдох албаныхнаас тодруулахад:

"Хороолол барих ажлыг Хятадын Бугат хот хариуцна. Тэдний зүгээс  дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд тендерийн шалгуураар хамгийн өндөр үнэлгээ авсан гурван компанийг сонгон шалгаруулж, Барилга Хот Байгуулалтын яаманд саналаа хүргүүлсэн. БХБЯ аль нэг компанийг сонгоно.  Зураг төсөл өөрчлөгдсөн. Ажлын зураг төсөл эхний ээлжинд Хятад хэл дээр гарсан, удахгүй  Монгол хэл дээр хөрвүүлнэ" гэсэн хариу өгч байсан.

Энэ хавар уг хорооллын ажлыг эхлүүлнэ гэж БХБ-ын сайд ярьж байна. Хэлсэндээ хүрээд эхэлдэг юм бол ажлыг хурдавчилж,  орон сууцнуудыг яаралтай ашиглалтанд оруулан, газраа шууд байраар солих хүсэлтэй нэг хэсэг айлуудыг оруулан тэдний чөлөөлсөн газар дээр дараагийн орон сууцнуудаа барих замаар агаар, хөрсний бохирдол, утаанаас бага багаар салах хэрэгтэй байна. 

Хий хоосон ярих биш хийж хэрэгжүүлмээр байна, Ерөнхий Сайдаа...

                                                                                                                                                            П.Болор                                                                                                                                                                  

ШАВЫГ НЬ ТАВИАД ХОЁР ЖИЛИЙГ ҮДСЭН "НОГООН НУУР" ХОРООЛОЛ  
Тэнхлэг зууч ХХК - Facebook