ШАРКУУДЫН ХАЙР ХҮНДЭТГЭЛ БУЮУ АМЬДРАЛ БОЛ ТЭМЦЭЛ...

2019/03/25
ШАРКУУДЫН ХАЙР ХҮНДЭТГЭЛ БУЮУ АМЬДРАЛ БОЛ ТЭМЦЭЛ...

Монголын бизнесийн ертөнцөд өнгөлж яваа, "Гацуурт" группын ерөнхийлөгч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Чинбат, "Петровис" компанийн ерөнхий захирал Ж.Оюунгэрэл, "МАК" группын ерөнхийлөгч Н.Цэлмүүн, MCS группын дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, "Хас" банкны захирал Г.Амартүвшин нарыг би л лав хүндэтгэж явдаг, бусад хүн юу гэж хэлэх нь надад чухал биш... 

Энэ цагийн үлгэр дуурайлал болсон таван бизнесмен "Шарк Танк" нэвтрүүлгээр дамжуулан олон бизнес эрхлэгчдэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг нь өгөөд  байгаа билээ.

Амины орон сууцны төсөл хэрэгжүүлэгч гэр бүл Хөвсгөл аймгаас уг нэвтрүүлгийг зорин иржээ. Автомашины осолд орж, хөгжлийн бэрхшээлтэй болсон ч амьдралд бууж өгөлгүйгээр тууштай хөдөлмөрлөн орон нутагт төсөл хэрэгжүүлээд 7 жил болж байгаа Б.Батбилэг, гэргий Г.Дэлгэрнасангийн хамт "Тохилог сууц"  төслөө Шаркуудад танилцууллаа.

Тэд орон нутагтаа, огт айл бууж байгаагүй  0,07 га газрыг худалдан авч, пийшин халаалттай 49-100 м.кв хүртэл талбайтай амины орон сууц барьж, бэлэн мөнгөөр болон лизингээр худалддаг байна.

Хашаа байшингаа бичиг баримтын ямар нэгэн зөрчилгүйгээр, тог цахилгааны асуудлыг бүрэн шийдэж худалдан авагч иргэнд шилжүүлэн өгдөг бөгөөд өнгөрсөн 7 жилийн хугацаанд 22 ширхэг амины орон сууц барин иргэдэд худалдаалжээ. 

Б.Батбилэгийн компани  байшингаа палкаар барьдаг бөгөөд мод, модон бэлдэцээ орон нутгаасаа авч, бусад материалаа Улаанбаатар хотоос татдаг байна.

80 м.кв орон сууцыг хашаатай нь барихад 14 орчим сая төгрөгийн өртөгтэй. Нэг байшингаас дунджаар 3,5 сая төгрөгийн ашиг олдог аж. Улаанбаатарт энэ төслөө хэрэгжүүлье гэж бодож үзсэн ч 0,07 га талбай бүхий тэгшхэн газар олддоггүй гэж  ярина лээ...

Өнгөрсөн жилээс орон сууц бариулах хүсэлтэй хүмүүс компанид олноороо хандах болсон учраас хүчин чадлаа нэмэгдүүлэх үүднээс  уг нэвтрүүлгийг зорин иржээ. 

Б.Батбилэг, Г.Дэлгэрнасан хоёр Шаркуудаас 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хүсч компанийнхаа 20 хувийг санал болголоо.

Төслийн талаар, тэдний туулсан амьдралын талаар нэлээд яриа өрнөөд авлаа.

Тулгарсан зовлон бэрхшээлийг хэрхэн туулсан,  гэмтлээ эдгэх болов уу гэж горьдон өмнө хийж байсан бизнесээс цуглуулсан хуримтлалаа хэдэн жилийн туршид эмчилгээндээ зарцуулсны эцэст "дахиж хөл дээрээ босох аргагүй" гэсэн хариу сонсох тэр үед орох оронгүй, өмссөн хувцастайгаа үлдсэн байсан зэрэг хүнд хэцүү үеэ, энэ бизнесийг эхлүүлэх болсон шалтгаанаа Б.Батбилэг товчхон ярьсан.

Туулсан амьдралынхаа хүнд хүчир үеийг тэр болгон хүнд яриад байдаггүй дотроо хадгалаад явдаг ч энэ удаа Шаркууд асуусан учраас тэрээр ярив бололтой.

Б.Батбилэгийн яриаг сонсоод Шаркуудын сэтгэл хөдөлж нулимс дуслуулсан. Үзэгч миний хувьд ч гэр бүлийн хоёроор үнэхээр бахархаж, "урсгаад" л авлаа.

“Амьдрал бол тэмцэл гэдгийг олон залуус та хоёроос хараасай. Ажлын хялбарыг хардаг, ажил олдохгүй гэж ярьдаг залуус олон болчихоод байна. Манай залуус нэг юм бодох байх гэж бодож байна” гэж "Гацуурт" группын ерөнхийлөгч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Чинбат захирал олонтоо хэлж байсан. 

“Хөдөлмөрлөх, ажиллах дуртай хүн ховордоод байгаа цаг. Бизнес эрхлэгчдэд тулгараад байгаа нэг бэрхшээл хөдөлмөрт дуртай, сэтгэлтэй, ажилсаг боловсон хүчний асуудал” гэж "Петровис" компанийн ерөнхий захирал Ж.Оюунгэрэл захирал байн байн хэлж байсан нь хуруугаа ч хөдөлгөх дургүй залуус сайхан амьдрах хэцүү гэдгийг л хэлээд байгаа мэт.

Г.Амартүвшин, Д.Энхтүвшин Шаркуудын сэтгэл маш их хөдөлсөн. Хөдөлмөрч, тэмцэгч гэр бүлийг тэд өрөвдсөндөө бус бахархсандаа, хайрласандаа, хүндэлсэндээ нулимс дуслуулна лээ...

“Юм хийе гэсэн сэтгэлтэй хүн л амьдралаа болгож байна. Бусдад хэрэгтэй бүтээгдэхүүнээ борлуулж байна” гэж "Хас"банкны захирал Г.Амартүвшин онцолсон юм.

“Хүн чанар байдаг юм аа гэдэгт итгэж яваарай” гэж "Мак" группын ерөнхийлөгч Н.Цэлмүүн тэдэнд захисан. Мөн зарим   нэр төрлийн барилгын материалаар хангаж, байшин барих өртгийг бууруулна, бас мөнгөн хөрөнгө оруулна гэлээ.

MCS группын дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин захирлын сэтгэл  маш их хөдөлж хэсэгтээ л үг хэлж чадахгүй суусан. Олон Монгол эрчүүдэд үлгэр жишээ болж байгаад талархаж байна гэдгийг тэрээр тодотгож байлаа.

Д.Энхтүвшин Шаркийн аав нь групп-д байсан ч ар гэрээ авч явахын тулд янз бүрээр хичээж байсан нь санагдаж сэтгэл нь ихэд хөдөлсөн бололтой.

Жинхэнэ эр хүн бол шалтаг тоочилгүй яаж ийж байгаад ар гэрээ авч явдаг байх хэрэгтэй. Б.Батбилэг  тэдний төлөөлөл болсон үлгэр жишээ жинхэнэ эр хүн гэдгийг Д.Энхтүвшин захирал харж, мэдэрсэн хэрэг.

...Таван Шаркийн хувьд зүгээр сууж байгаад энэ өндөрлөгт хүрээгүй гэдэгт би бат итгэдэг. 10 хүүхэдтэй жирийн малчин айлын хүү Л.Чинбат цаг наргүй хөдөлмөрлөж зүтгэснийхээ хүчинд өнөөдөр Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртэж, нэртэй бизнесмен болж, олон хүнийг ажлын байраар хангаж, ард түмэндээ хэрэгтэй бүхнийг хийж бүтээж явна.

Бусад Шаркуудын хувьд ч бүгд сайтар суралцсан, хөдөлмөрлөсөн, түүнийхээ үр шимийг хүртэж, ард түмэндээ хэрэгтэй тустай үйлийг бүтээж яваа. 

Тэд улс төрждөггүй, хэн нэгнийг гүтгэж мөнгө олдоггүй, хүний нэр төрөөр тоглодоггүй. Учир нь тэд цаг наргүй хөдөлмөрлөдөг учраас тийм зав ч байхгүй. 

Хөдөлмөрч, ухаалаг, тэмцэгч хүмүүс яг тийм л хүнд хайртай байдаг юм байна. Таван Шарк Батбилэгийн хүссэн 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг өгөхөөр боллоо. 

Бизнесийн Акулуудтай хамтран ажиллах болсон Б.Батбилэгийн компани олон шинэлэг санаа хэрэгжүүлж, хямд үнэтэй, тав тухтай орон сууцаар иргэдийг хангах нь тодорхой.

Ж.Оюунгэрэл захирлын хэлснээр Монголын нэртэй том барилгын компани болох цаг удахгүй биз ээ...

Амьдрал бол тэмцэл. Бизнесийн талбарт хөл тавьсан л бол итгэл даасан, тэвчээртэй, зориг хатуужилтай байх чанарыг эрхэмлэж чадвал заавал амжилтад хүрнэ.

                                                                                                                                                            П.Болор                                                                                                                                                               

ШАРКУУДЫН ХАЙР ХҮНДЭТГЭЛ БУЮУ АМЬДРАЛ БОЛ ТЭМЦЭЛ...  
Тэнхлэг зууч ХХК - Facebook