ДАРХАН ХОТЫН НИЙТ ХҮН АМЫН 65% ОРОН СУУЦАНД АМЬДАРЧ БАЙНА

2019/03/23
ДАРХАН ХОТЫН НИЙТ ХҮН АМЫН 65% ОРОН СУУЦАНД АМЬДАРЧ БАЙНА

Дархан хотын ерөнхий төлөвлөгөөг 1960, 1985, 2000 онуудад гурван удаа баталж байсан бөгөөд цаг үеэ даган Дархан хотод дахин төлөвлөлт хийх нэн шаардлагатай байгаа болоод байна.

“Дархан хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г иргэдээс санал авах, хүн амын тоо, байршил зэрэг хотын онцлогт тохируулан шилдэг мэргэжилтнүүдээс бүрдсэн баг боловсруулж байгаа юм.

Энэхүү ерөнхий төлөвлөгөөний төсөлд тус аймгийн хүн ам 2035 онд 152,687, Дархан сумын хүн ам 130,000, аймгийн хэмжээнд өрхийн тоо 38,171, сумын хэмжээнд 32,500 болно гэж төлөвлөжээ.

Мөн "Нийт хүн амын 35% нь буюу 12,640 өрхийн 45 мянган иргэн амины орон сууцанд амьдарна. Амины орон сууцанд оршин суугч нэг хүнд 38-40 м.кв, нэг өрхөд 120-140 м.кв сууц, нийтийн орон сууцанд оршин суугч нэг хүнд 21-30 м.кв, нэг өрхөд 75-84 м.кв сууцаар орон сууцны хангамжийг төлөвлөж, ашиглалтанд байгаа хуучин сууцанд төлөвлөлтийн шинэчлэл хийж нэг өрхөд ноогдох талбайг томруулан 5700 өрхийн 18.800 хүн хуучин орон сууцны хороололд оршин сууна" ерөнхий төлөвлөгөөнд тусгасан байна.

"Дархан хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”-г аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 5 дугаар сарын 1-ний дотор баталсны дараа БХБЯ хүлээн авч Сайдын зөвлөлөөр хэлэлцэн энэ онд багтаан Засгийн Газрын хуралдаанаар батлуулахаар төлөвлөжээ.

Одоогийн байдлаар Дархан хотын нийт хүн амын 65% буюу 23,472 өрхийн 84,500 иргэн нийтийн орон сууцанд амьдарч байна. 

                                                                                                                                                                  П.Болор                                                                                                                                                                         

ДАРХАН ХОТЫН НИЙТ ХҮН АМЫН 65% ОРОН СУУЦАНД АМЬДАРЧ БАЙНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook