"МАЙДАР ЭКО ХОТ"-ЫГ ДӨРВӨН ҮЕ ШАТТАЙГААР БАЙГУУЛНА

2019/02/27
"МАЙДАР ЭКО ХОТ"-ЫГ ДӨРВӨН ҮЕ ШАТТАЙГААР БАЙГУУЛНА

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс дагуул хотуудын асуудлыг шийдэх шаардлагатай. 

Энэ үүднээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт тэргүүтэй ажлын хэсгийн гишүүд Төв аймгийн Сэргэлэн суманд баригдаж буй “Их Майдар” төслийн үйл явцтай танилцлаа.

2018 оны наймдугаар сард Засгийн Газрын хуралдаанаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 12,000 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн юм.

“Майдар эко хот”-ыг шинэ хотын төв болгохоор шийдвэрлэж 2012 онд  шавыг нь тавьсан бөгөөд дөрвөн үе шаттайгаар бүтээн байгуулахаар төлөвлөсөн байна.

Эхний үе шат нь 2030 он гэхэд 100 мянган хүн амтай байхаар тооцож байгаа талаар төслийн удирдагч Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх Л.Баяртуул ажлын хэсгийнхэнд танилцууллаа.

Богдхан уулын өвөрт баригдаж буй олон улсын нисэх онгоцны буудлыг нийслэл Улаанбаатартай холбох хурдны зам Майдар хотын урдуур өнгөрөхөөр төлөвлөгджээ. 

Монголын нутгаар дайран өнгөрдөг Орос-Хятадыг холбосон төмөр зам ч ирээдүйн хотоос холгүй байршилтай тул тус хоттой шууд холбосон төмөр замын өртөө барьж байгуулах өргөн боломжтой гэж УИХ-ын Хэвлэл Мэдээлэл, Олон Нийттэй Харилцах Хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

"МАЙДАР ЭКО ХОТ"-ЫГ ДӨРВӨН ҮЕ ШАТТАЙГААР БАЙГУУЛНА  
Тэнхлэг зууч ХХК - Facebook