"НЭХМЭЛИЙН ШАР"-ЫН ОРШИН СУУГЧИД "ХАН-УУЛ" ЦОГЦОЛБОРЫН ШИНЭ БАЙРАНДАА ОРЛОО

2019/02/25
"НЭХМЭЛИЙН ШАР"-ЫН ОРШИН СУУГЧИД "ХАН-УУЛ" ЦОГЦОЛБОРЫН ШИНЭ БАЙРАНДАА ОРЛОО

Хан-Уул дүүрэгт Нэхмэлийн шарууд гэгдэх 20 гаруй орон сууцны барилгаас гадна Арьс ширний, Эрчим хүчний.. гэх зэрэг тодотголтой хуучин орон сууц олон байдаг.

Сүүлийн жилүүдэд тус дүүрэгт ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгын суурин дээр “Морьтон”, “Нутгийн буян” зэрэг хотхоны эхний ээлжийн орон сууцнууд ашиглалтанд орсон.

Ашиглалтын хугацаа дуусч, хүн амьдрах боломжгүй болсон тухай мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараад удсан Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 16 зэрэг 8 байрыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр  “Фүжи Холдинг” ХХК-ийн  шалгаран ажиллаж байна.

Тус компанийн "Хан-Уул" цогцолбор хотхоны төсөл 2017 оны 5-р сараас эхэлсэн бөгөөд 5 жилийн хугацаанд үргэлжилж, сургууль, цэцэрлэг бусад нийгмийн дэд бүтэц бүхий 588 айлын орон сууцны хороолол болох юм.

"Хан-Уул" цогцолбор хотхоны эхний ээлжийн 16 давхар орон сууцны барилгын ажил дуусч, Нэхмэлийн 5-р байранд амьдарч байсан 27 айл шинэ орон сууцныхаа түлхүүрийг өнөөдөр гардан авлаа.

Оршин суугчдад түлхүүр гардуулах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг Даргын орлогч П.Баярхүү, НИТХ-ын тэргүүлэгч Ц.Байгалмаа, Хан-Уул дүүргийн Засаг Даргын орлогч Г.Батсайхан, гүйцэтгэгч “Фүжи Констракшн”  группийн захирал н.Мөнхтуяа болон оршин суугчдын төлөөлөл оролцсон юм.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: 

“Хан-Уул дүүргийн 1, 2, 3 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй 25 байр байна. Өнөөдрийн байдлаар дээрхи 25 орон сууцнаас 22-т нь компаниуд нь шалгарч ажлаа эхлүүлээд явж байна. Бид иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс олон төслийг хийж хэрэгжүүлэх болно”.

Нийслэлийн Засаг Даргын орлогч П.Баярхүү:

"Ийм төслийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо маш чухал. Иргэд нэгдмэл нэг санаа бодолтой байж,  хэрэгжүүлэгч компанитайгаа хамтран ажилласнаар цаг хугацаа хэмнэж, байрандаа ороход асуудалгүй болно. Нийслэлийн зүгээс Монгол Улсын Хөгжлийн Банктай хамтран “Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулган шинээр барих төсөл”-ийг цаашид үргэлжлүүлнэ. Иргэдтэйгээ сайн ойлголцож, нэгэн хүслийн төлөө хамт зүтгэсэн Нийслэлийн Хот Төлөвлөлт, Ерөнхий Төлөвлөгөөний Газар, төсөл хэрэгжүүлэгч компани болох “Фүжи Констракшн”-ий хамт олонд талархал илэрхийлье”.

Улаанбаатар хотын хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй 234 орон сууцны барилгад 6300 гаруй өрхийн 20 гаруй мянган иргэн амьдарч байна гэсэн судалгаа гарчээ.

                                                                                                                                                             П.Болор                                                                                                                                                                                        

"НЭХМЭЛИЙН ШАР"-ЫН ОРШИН СУУГЧИД "ХАН-УУЛ" ЦОГЦОЛБОРЫН ШИНЭ БАЙРАНДАА ОРЛОО  
Тэнхлэг зууч ХХК - Facebook